Нүүр » №001, Багана, Үзэл бодол

Do you speak Mongolish?

[1 February 2010 | YudaGuN]

Хуучин танилынд уригдав. Олон жил гадаадад амьдарсан бүсгүй. Уулзалгүй удсан болоод тэр үү ам хэл халж, амьдрал ярьж суутал түүний нөхөр, хүүхдүүд нь гэртээ ирж таарав. Бага охин “Mommy, we are home!” гээд ээжийгээ тэврээд авлаа. Том хүү нь мөн адил Англиар нэгэн зүйл шулганана. Бурханы авралаар, нөхөр нь “Юу байна” гэх танил үг хэлэв. Харь сонсдох хүүхдийн шулга ярианд цочирдсон надад Монгол энгийн мэндчилгээ чухам халуун салхи илбэх мэт санагдсаныг нуух юун.

“Цэцэрлэг, сургуулиас улбаалж Англиар хэлд орсон, гэртээ аль болохоор түүгээрээ ярихыг хичээдэг, тэгээд ч унаган Англи хэлийг нь хадгалж чадвал яваандаа өөрсдөд нь хэрэгтэй биз, ямар сайндаа том бандийгаа Англи хэлээр сургалт явуулдаг хувийн дунд сургуульд оруулсан” хэмээн ярьж суугаа найзыгаа сонсоод – цохиод авам санагдав.

Мэдээж хэрэг Англи хэл чухал. Google, Twitter-ын эрин үед Англи хэлгүй бол ам бөглөө, iPod-гүй бол чих дүлий болсон талаар зөвхөн Монголчууд бус дэлхий даяар санаа нэгдэж байна. Гэхдээ энэ бол хэрэг үйлс дугаар ХОЁР. Монгол хүмүүн болж төрсөн бол юуны түрүүнд Монголоороо ярьж, Монголоороо сэтгэж өөрийн үнэн төрх, онцлог шинжээ таних учиртай. Энэ бол хэрэг үйлс дугаар НЭГ. Өвөг дээдэс маань нүд анин энэ газар нутгийг сонгоод, ам бадаг мэдэн Монгол хэлийг зохиогоогүй. Монголчууд бидний түүх цадиг, төрөлх араншин, оюун ухаан, сэтгэлгээний цар хүрээний цогц бүрдэл, бүтээл нь Монгол хэл өөрөө мөнөөс мөн. Энэхүү үнэн оршихуйгаас мөр хөөвөл эх хэлээ тэргүүн алхамд хайрлаж, хүндэтгэж, судалж, шимтэж, ойлгож, ашиглаж, хүртэж сурах нь чухаг үйл хэрэг.

Соёлын довтолгоон “оо сойз”, хөнжил даавуухнаар чимэглэгдээгүйд миний бие талархдаг авч эх хэлэнд дайвар нөлөө харамгүй хайрласанд сэтгэл эмтэрдэг юм. Ах дүүсийн барилдлага, хөгжлийн ирээдүй нэрийн дор чухам “Орос хэлгүй бол харанхуй” хэмээх соц. уриа тунхаглагдаж, орон даяар сүнс мэт тэнүүчилж байв. Монгол сургуулиуд Орос хэлийг эрчимжүүлэн заадаг байсан ч, харанхуйг чухамхүү гэгээрүүлэх тэргүүн үүд хаалгаар дэд шийдэлд ангилагдсан Орос сургууль тодорч, түмэн олон түүнд нь бат итгэж явсан цаг. Тийм ч учир аав ээж маань нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, намайг Орос сургуульд шавиар оруулсан бөлгөө.

Миний ширээний чимэг, цүнхний жин, хурууны имрээ, дэвтрийн ишлэл – “Азбука”. Орос сургууль орос хэлийг гаргуун номлосон. Түүний сацуу “Монголын Нууц Товчоо”-ны оронд “Слово о полку Игореве”-гаар өлгийдөж, Чингис Хааны оронд Иван Грозныйгоор бүүвэйлэв. Хэл, соёл минь Батаа бус Ивантай агаар нэг. Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц орос үгээр тормолзох нь миний хэл ярианы хэв загвар. Орос орчуулга дамнаж танил болсныг Д.Нацагдорж, С.Эрдэнэ мину өршөө.

Социализм уриан дор Орос хэл ноёрхдог байсан бол өнөөдөр даяарчлал нэр дор Англи хэл хаанчилж байна. Оросоор ерөөж, икра идсэн аппаратчикуудын халааг Англиар харааж, пицца зооглох бизнесменүүд угтан авлаа. Бид болон бидний хойч үе – эх хэлээрээ хоёр үг ташуу холбовч, гадаадад сурахыг мөрөөсч халтар мултар Америкишээр ярихыг илүүд үзэх болжээ. Ядаад Инглиш сур.

Миний бие давхар хэлтний сонгодог төлөөлөл буюу холбироо насанд галаар тоглосон заяа – орчуулбал “түлэгдэл”. Хэл хэлнээс самардсан үгийн сан минь хэмжээ, хязгаараар ядуугийн туйл агаад тархинаас урган гарах сэтгэлгээ нь сан дотроо хэсэгтээ тийчилж улмаар замхардаг тавилантай. Эх хэлний ид шид зөвхөн өөр хоорондоо харилцаа холбоо тогтоохоор үл хязгаарлагдана. Хүмүүний оюун ухаан, сэтгэлгээ нь унаган хэлээ хэр эзэмшсэн мэдлэг чадварт дөрөөлж, түүнийхээ цар хүрээгээр өртөөлдөг жамтай. Монгол хэл үгийн сонголт, утга сэлгээ, агуулга бүтцийн хувьд баялаг. “Судлах тусмаа ундрам” гэж их хүмүүн Ринчин мину нэгэнтээ хэлснийг эргэн санацгаая. Гэсээр атал хязгаар хаяатай өсвөр үеийнхэн холбирох насандаа харь хэл бичигт шамдаж, аль нь ч үгүй хоцрох нь сайны ёр яав ч биш.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.