Нүүр » №001, Технологи, Тооно

140 тэмдэгтээр өөрийгөө илэрхийл!

[2 February 2010 | Ес далан зургаа]

Микроблог төрлийн хамгийн амжилттай яваа сайтуудын нэг болох Твиттер.ком-ын Монгол хэрэглэгчид өдрөөс өдөрт олширсоор байгаа билээ. 140 тэмдэгтэд багтаан “Та юу хийж байна?” гэсэн асуултад хариулах учиртай энэхүү сайтад өөрийн профайл хуудсыг нээснээр санаанд орсон бүхнээ дэлхий нийтэд зарлан түгээж болох гэнэ. Твиттерийн профайлаа вебсайтаар, мессенжерээр болон гар утсаараа шинэчилж болдог нь сайтын хүртээмжийг нэмэгдүүлж, мессежээр харилцаж сурсан хүмүүсийг урвуулж чаджээ. Твиттерчид есөн шидийн сэдвээр бичдэг тул та тэндээс мэдээ, мэдээллээс авахуулаад хов жив, санаа оноо, хэрүүл, чаат буюу юу эсийг олох болно. Энэ утгаараа Твиттер бол мэдээлэл түгээх болон хүлээн авах хамгийн шуурхай суваг юм.

Гуравхан жилийн өмнө байгуулагдсан Твиттер аль хэдийн өөрийн гэсэн нэр томьёо, зан заншил, дүрэм журамтай болж амжжээ. Тухайлбал, хэрэв та сонирхолтой твиттерчдийн бичлэгийг цаг тухайд нь хүлээн авахыг хүсвэл тэдгээр хүмүүсийг “дагахад” \follow\ хангалттай, тэгвэл тэдний твийтүүд \tweet\ танд шууд ирэх болно. Бусад хүмүүс ч мөн адил таныг дагах боломжтой бөгөөд олон дагуултай болох тусам таны нэр хүнд өсөж, бичлэгүүд чинь илүү олон хүнд хүрнэ. Түүнээс гадна, хэрэв та хэн нэгэн хүний твийтэд хариу бичих бол тухайн хүний нэрийн өмнө @ гэсэн тэмдэг залгаарай. Жишээ нь, та өөрийн твийтийг манай сэтгүүлд хаяглахаар бол @setguul гэсэн үгийг бичлэгтээ багтаах ёстой. Мөн ямар нэг олны анхаарлын төвд байгаа сэдвээр твийт бичихдээ тухайн сэдвийн хааштаг \hashtag\ буюу түлхүүр үгийг өөрийн бичлэгтээ оруулахыг зөвлөе. Тухайлбал, 2009 оны 4-р сард Молдав улсын иргэд сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал цуглааны талаарх мэдээллийг #pman хааштагыг ашиглан Твиттерээр түгээж байжээ. Хааштаг ашиглах нь хайлтыг хялбаршуулдаг тул таны бичлэг аль болох олон хүнд хүрэх магадлал ихэснэ.

Монгол твиттерчдийн ашиглаж заншсан түгээмэл хааштагууд:

  • #followfridayMN – Найзууддаа сонирхолтой твиттерчдийг санал болгоход ашиглана. Тухайлбал, “#followfridayMN @setguul, @bodrol, @10gis, @m_anda” хэмээн “Ес далан зургаа” сэтгүүл болон манай редакцийн гишүүдийн Твиттерийг найзууддаа санал болгоорой.
  • #tsevel – Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь, түүнийг онлайнжуулах ажилтай холбоотой асуудлаар санал солилцоход ашиглана.
  • #taavar – Таавар
  • #sportmn – Спортын мэдээ, мэдээлэл
  • #quotemn – Зүйр цэцэн үг, афоризм
  • #ajildavna – Ажлын зар

ТВИТТЕРТЭЙ УЛС ТӨРЧИД

Монголын улс төрчид интернэт ашиглаж сураагүй гэж хэлж болох ч, тогтмол Твиттерддэг цөөн хэдэн гишүүд байдаг нь сайшаалтай.

УИХ-ын гишүүн Ринчиннямын Амаржаргал \АН\ @amarjargalr

УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр \АН\ @nbatbayar

УИХ-ын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин \АН\ @temuujin_kh

УИХ-ын гишүүн Дангаасүрэнгийн Энхбат @enkhbat

УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболд \АН\ @enkhboldz

ДАГАХАД ИЛҮҮДЭХГҮЙ ТВИТТЕРЧИД

Болжмор @boljmor
Хэрэв та Твиттерийн шинэхэн хэрэглэгч бол тус сайтын талаар мэдээлэл хүргэдэг Болжмор гэсэн өхөөрдөм нэртэй Твиттерчийг дагахад илүүдэхгүй. Болжмор болон түүний найзуудын Твиттерийн тухай блог: http://mongoltwitter.blogspot.com/.

Д.Энхтайван @seriyoz
Манай сэтгүүлийн анхны дугаарт зориулан “RECYCLE” сэдэвтэй photo shoot дээр ажилласан Тайвнаа дандаа далий юм бичдэг. Гэхдээ зугаатай.

DJ Odonbat @odonbat
Метрополис, Масс зэрэг клубуудад тоглохын зэрэгцээ “Miracle” нэртэй бие даасан цомгоо гаргаад буй ДиЖей Одонбат шинэ шоу, парти болон электрон хөгжмийн талаар жиргэдэг.

Улаанбаатар хотын номын сан @ub_library
Төсвийн байгууллага Твиттерээр дамжуулан хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэнэ гэдэг итгэмээргүй сонсогдож байна уу? Тэгвэл Улаанбаатар хотын номын сангийн Твиттерийг шалгаад үз.

Энхбаатар @enhbaatar
Залуу: Хоол авъя. Зөөгч: Байхгүй. Залуу: Салат. Зөөгч: Байхгүй. Залуу: Өөр юу байна. Зөөгч: Тайван дөө. Хичээлдээ яваад л. Ажлаа хийгээд л… Нэг иймэрхүү л юм бичдэг нөхөр дөө, Энхбаатар.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.