Нүүр » №001, Кино, Тооно

Үзүүштэй таван шинэ кино

[1 February 2010 | Ес далан зургаа]

Айсуй өвлийн хасах гучин хэмийн хүйтэнд орой үдэш дулаан гэртээ тухлан суугаад дарс шимсэн шиг ээ кино үзэх шиг жаргал үгүй. Аз болж оны эцэст олон сайн кино нээлтээ хийдэг тул өнгөрсөн жилийн сүүлээр гарсан үзүүштэй кинонуудыг “Ес далан зургаа” сэтгүүл нэрлэж байна (DVD оруулж ирдэг хүмүүс үүнийг уншвал эдгээр киног заавал захиарай). Харин уншигч Та попкорн, чипсээ нөөцөлж аваад кино үзэхдээ бэлдэх л үлдлээ.

1. “Fantastic Mr. Fox”
Найруулагч: Вес Андерсон (“Rushmore” 1998, “The Darjeeling Express” 2004, “The Royal Tenenbaums” 2001).
Дүрүүдэд дуу оруулсан: Билл Мөррэй, Жорж Клуни, Мерил Стрип
Нээлт: 2009 оны 11-р сарын 25
Компьютер график хэт моодонд орсон энэ үед онцгой эффект ашиглалгүйгээр бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээх нь зориг шаардсан хэрэг. Гэвч хүүхдийн зохиолч Роальд Далийн “Гайхамшигт Ноён Үнэг” зохиолыг дэлгэцнээ амьдруулж буй найруулагч Вес Андерсон CGI-аас татгалзаж, “stop motion” хэмээх уламжлалт аргыг сонгосон байна. Өөрөөр хэлбэл, түүний бүтээл “Боролдойн цаг”-аар гардаг байсан баримлын шавар хүүхэлдэйн хажууд супер реалист харагдах ч, Пиксарын “Шрек”-тай харьцуулбал болхи санагдаж магадгүй. Гэхдээ энэхүү хуучинсаг арга барил нь Андерсоны найруулгын стильтэй маш сайн зохицож мэдэх юм, харин түүний инди юмор хүүхэлдэйн кинонд тохирох эсэх нь будлиантай.

Зохиолын гол дүр бол гэр бүлээ тэжээхийн тулд зэргэлдээ амьдрах ааш муутай фермерээс хоол унд хулгайлахаас буцдаггүй ноён Үнэг. Түүнээс залхаж орхисон хөршүүд нь үнэгийг устгах Барбаросса төлөвлөгөө боловсруулан анд гарах гэнэ. Хөөрхий ноён Үнэг гэр бүлээ аварч чадах болов уу?

2. “NINE”
Найруулагч: Роб Маршалл
Дүрүүдэд: Даниель Дэй Луис, Марион Котияр, Пенелопи Круз, Жүди Дэнч, Николь Кидман, София Лорен
Нээлт: 2009 оны 11-р сарын 25

“Nine” киноныхон жүжигчдээ сонгон шалгаруулахдаа Оскар биш юм аа гэхэд ядаж Golden Globe-аас шагнал хүртсэн байх шаардлага тавьсан гэлтэй. Учир нь тус кинонд нийт зургаан Оскарын шагналтан буюу орчин цагийн кино урлагийн шилдэгүүд тогложээ. “Чикаго” мюзиклээрээ алдартай найруулагч Роб Маршаллын шинэ бүтээл болох энэхүү кино домогт Федерико Феллинигийн “8 ½” болон уг зохиолыг анх мюзикл хэлбэрт оруулсан 1980-аад оны “Nine” нэртэй Бродвейн мюзиклын зохиолоор хийгдсэн байна.

Гидо Контини (Даниель Дэй Луис) хэмээх алдарт найруулагчийн амьдралыг харуулсан энэхүү кино уран бүтээлчийн хувийн амьдралын бэрхшээлт асуудал болон түүний амьдралд чухал байр суурь эзлэх олон эмэгтэйн талаар өгүүлнэ. Түүний эхнэрийн дүрд Марион Котияр, нууц амрагийн дүрд Пенелопи Круз, уран бүтээлийн хамтрагчийн дүрд Николь Кидман, дотны андын дүрд Жүди Дэнч тоглосон бол ээжийнх нь дүрийг София Лорен амилуулсан байна. Мөн дуучин Ферги зохиолын баатартай эртний холбоотой нэгэн янханы дүрийг бүтээжээ. (Маршаллд Грэммигийн шагналтан зайлшгүй шаардлагатай байсан гэж ойлгоё, түүнээс биш хэн сайн дураараа Фергиг кинондоо тоглуулах вэ дээ).

3. “Avatar”
Найруулагч: Жеймс Камерон (“Titanic” 1997, “Terminator 1, 2” 1991, “Aliens” 1986)
Дүрүүдэд: Зои Салдана, Сигорни Уивер, Сэм Уортинтон
Нээлт: 2009 оны 12-р сарын 18

Агуу Жеймс Камерон бүхэл бүтэн 12 жилийн дараа кино урлагт эргэн ирэх гэнэ. Титаникаас хойш ганц ч кино найруулаагүй тэрбээр энэ удаад алдарт “Terminator”, “Aliens” нарынхаа сэдвийг дахин хөнджээ. Хамгийн орчин үеийн технологиор бүтээгдсэн гэх “Аватар” 288 сая ам.доллар буюу өнөөг хүртэлх хамгийн өндөр төсөвтэй дэлгэцийн бүтээлээр шалгараад байна. Учир нь киноны 60 гаруй хувийг цэвэр графикийн аргаар хийсэн тул өндөр үнэтэй тоног төхөөрөмж, их хэмжээний хүн хүч шаардагджээ.

22 дугаар зуунд Пандора гариг дээр Нави хэмээх өндөр биетэй, цэнхэр арьстай гуманоидууд эв найрамдалтай гэгч нь амьдарна. Гэвч хүмүүс Пандорагийн байгалийн баялагт шунан тэдний ертөнцийг эзлэх хүсэлд автах ба Аватар гэх хүн-Навигийн гибридийг зохион бүтээх аж. Тусгай технологийн тусламжтайгаар оюун санаагаараа аватар цэрэгтэй холбогдон түүнийг удирдах боломжтой бөгөөд ийнхүү хөл нь мэдээгүй болсон Жейк Салли хэмээх ердийн нэг цэрэг Пандора гариг дээр аватар биеэрээ шинээр амилах болно. Тэнд тэрээр Нэйтири хэмээх Нави бүсгүйтэй танилцаж, нэгэн ертөнцийн хувь заяаг шийдэх тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ажээ.

(Гэснээс, ер бусын, харь гаригийнх гэхээрээ яагаад заавал цэнхэр арьстай байх ёстой юм бэ? “Watchmen” дээр бас л нэг цэнхэр нөхөр гүйгээд байсандаг…)

4. “Sherlock Holmes”
Найруулагч: Гай Риччи (“RocknRolla” 2008, “Snatch” 2000, “Lock, stock and two smoking barrels” 1998)
Дүрүүдэд: Роберт Дауни Jr., Жүд Ло, Рейчэл МакАдамс
Нээлт: 2009 оны 12-р сарын 25

Гай Риччи Артур Конан Дойлын зохиолыг найруулж, Роберт Дауни Jr. алдарт мөрдөгчийн дүрд тоглож, Жүд Ло Ватсон эмчийн дүрийг бүтээнэ гэдэг үлгэр домог шиг сонсогдож мэдэх юм. Гэхдээ явж явж “Шерлок Холмс” Гай Риччид хамгийн тохирсон зохиол ч байж болох. Орчин цагийн хунд гаруудтай хангалттай зууралдсан тэрбээр энэ удаад 19-р зууны Английн гэмт хэргийн ертөнц руу өнгийжээ. Хуучинсаг set design, бүрх малгай зэргийг эс тооцвол түүний шинэ киног “Snatch”-тай нь андуурч болохоор харагдана.

210 гаруй кинонд мөнхөрсөн Шерлок Холмс хамгийн олон удаа дэлгэцнээ амилсан зохиолын баатрын хувиар Гиннесийн номонд бичигдсэн гэдэг. Иймд Гай Риччигийн хувилбар бусдаасаа юугаар ялгарах нь олны анхаарлын төвд байгаа. Лав трейлер нь сүүлийн үеийн action киноноос дутахааргүй зодоон цохион, дуулиан шуугиантай харагдана лээ. Шинэ Шерлок Холмс Бэйкер гудамжнаа гаанс татаж суухын оронд боксдож, байшин сав дэлбэлэхийн хажуугаар хүүхэн шуухан эргүүлэх бололтой. Кино зохиолыг Конан Дойлын уран бүтээлээс сэдэвлэн бичсэн бөгөөд уг киног цаашид цуврал болгон гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

5. “The Imaginarium of Doctor Parnassus”
Найруулагч: Тэрри Гиллиам (“Fear and loathing in Las Vegas” 1998, “Twelve monkeys”, 1995, “Brazil” 1985, “Monty Python and the Holy Grail” 1975)
Дүрүүдэд: Кристофер Пламмер, Хит Леджер, Жонни Дэпп, Жүд Ло, Коллин Фаррел
Нээлт: 2009 оны 12-р сарын 25

“The Imaginarium of Doctor Parnassus” нь 2008 онд зуурдаар нас барсан жүжигчин Хит Леджерын хамгийн сүүлийн ажил байсан юм. Харамсалтай нь, Леджер зураг авалт хараахан дуусаагүй байхад таалал төгссөн тул киноны ажил хэсэг хугацаанд зогсжээ. Талийгаачтай дотно харьцаатай байсан найруулагч Терри Гиллиам бүтээлээ үзэгчдэд хүргэхийн тулд Жонни Депп, Жүд Ло, Коллин Фаррел нарын жүжигчдийг Хит Леджерын дурд хэсэгчлэн орлуулж, киногоо аварчээ.

Киног туурвих явцад чамгүй бэрхшээл тохиолдсон ч, Терри Гиллиамын гайхамшигт ертөнц үзэгчдийн хүртээл болж чадсан юм. Түүний бүтээл явуулын циркчдийн илбэ шид, аюул занал, адал явдал, хүсэл мөрөөдлөөр дүүрэн ер бусын амьдралын талаар өгүүлэх гэнэ.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.