Нүүр » №001, Багана, Бүтээмж

Чавганцын ажлаас ангижрахуй

[2 February 2010 | Z.Ochir]

Өглөө ажилдаа ирээд кофе тавина, и-мэйлээ шалгана, сонин гарчиглана, бичиг цаасаа цэгцэлнэ, ажлынхантайгаа хууч хөөрнө, улс төр ярина, тэгж байтал утас дуугарна, ярина, дээш доош гүйх хэрэг гарна, дахиад и-мэйлээ шалгана, Facebook-ээр эргэлдэнэ, ганц нэг бичиг сачиг төлөвлөнө… нэг мэдэхэд цайны цаг болсон байна. Үдээс хойш дахиад л чухал царайлж сууна, хоол идсэн биш нойр хүрнэ, кофе ууна, судалгаа хийх нэрийдлээр интернэт хэснэ, хажуугаар нь хов сонирхоно, эцсийн бүлэгт арай хийж нэг юм үндсэн ажилдаа орохын даваан дээр дарга дуудна. Даргадаа загнуулж, нэмэлт баахан даалгавар аваад өрөөндөө орж ирэхэд юу юугүй тарах цаг болсон байна. Нэгэнт өнөөдөр олигтой юм хийж амжаагүй юм чинь нэг мөсөн маргааш, нөгөөдөр сайн сууна даа хэмээн өөрийгөө тайвшруулан гэртээ харина. Маргааш, нөгөөдөр нь ч мөн адил чавганцын ажилтай зууралдсаар нэг л мэдэхэд үндсэн ажил орхигдож, хугацаа давчдаж, дарга нар амар заяа үзүүлэхээ байх тул хэдэн өдөр шөнө дөл хүртэл ажил дээрээ суух шаардлагатай болох ба сарын эцэст ядаргаанд орж орхино.

Танил сонсогдож байна уу? Иймэрхүү дүр зураг оффис бүрт ажиглагддаг гэхэд хилсдэхгүй. Нэг л их ядарсан, стрессдсэн хүмүүс. Би ч бас тэдний нэг. Хувийн зохион байгуулалт муутайгаасаа болж өдөр шөнөгүй суусны улмаас биеийн эсэргүүцэл суларч, ядаргаанд ороод байсан тул нэн даруй ажлын бүтээмжээ сайжруулах арга хэмжээ авахаар шийдлээ. Цагийн менежментийн сэдвээр ганц нэг нийтлэл гарчигласан биш амьдралынхаа секунд бүрийг нарийн төлөвлөж, бүх зүйлээ гар утасныхаа каленьдарьт тэмдэглэдэг болов. Хэд хоног төлөвлөгөө ёсоор амьдрах гэж үйлээ үзлээ. Өдөр бүр ямар нэг гэнэтийн асуудал хаанаас ч юм урган гарч хамаг төлөвлөгөө нураахыг нь яана. Дахиад л календарьтайгаа ноцолдож, төлөвлөсөн ажлаа хойшлуулах гэж цаг зарах хэрэг гарна. Над шиг замбараагүй хүнд ийм нарийвчилсан төлөвлөгөө тохирохгүйг ойлгож, өөр арга сүвэгчилж эхлэв.

Ажлаа “заавал хийх ёстой”, “хийх хэрэгтэй”, “цаг гарвал хийнэ”, “хийвэл сайн” гэх мэтээр эрэмбэлж, дэс дараагаар нь гүйцэтгэх зорилго тавилаа. Цагаа бодитоор төлөвлөх нь маш чухал, бүтэн өдөр шаардагдах ажлыг хоёрхон цагийн дотор хийчихнэ гэж дайрдаг зан маань асуудал үүсгэдэг байжээ. Ажилдаа ирмэгц хамгийн чухал даалгавраа барьж аваад, өөр ажилд сатааралгүй түүнийгээ заавал дуусгах ёстой. Хамгийн чухал даалгаврынхаа ард гарчихвал бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн, ямар сайхан байдаг гээч. Ажлаа ийнхүү эрэмбэлэх нь Парето зарчим гээчтэй холбоотой ажээ. Хийж буй зүйлийн чинь 20 хувь нийт ашгийн 80 хувийг авчирдаг бол үлдсэн 80 хувийн хүчин чармайлт ердөө 20 хувийн үр өгөөжтэй байдаг гэнэ. Иймд хамгийн их үр дүн өгөх 20 хувиа чухалчилж, түүндээ анхаарал тавих нь амжилтын үндэс юм байх. Өөрөөр хэлбэл, ажлынхаа үр дүнг дүгнэж, аль нь илүү ач холбогдолтой болохыг тооцоолж сурах хэрэгтэй юм байна.

Аажмаар амьдралдаа бас нэгэн чухал өөрчлөлт хийв. Гар утасныхаа боол болон секунд тутам түүнийг харж суухын оронд өдөрт хагас цагийг утсаар ярих болон мессеж бичихэд зарцуулж, бусад цагт гар утсаа унтраадаг боллоо. Утас дуугарах тоолонд анхаарал сатаардаг тул ажлынхаа темпэд эргэн ороход дор хаяж 15 минут шаардлагатай болдог гэнэ. Үүрэн телефоны операторуудын санал болгодог call keeper болон voice mail үйлчилгээг идэвхжүүлснээр хэнээс дуудлага ирснийг мэдэж болох тул хэрэгтэй хүмүүс рүүгээ өөрөө залгачихна. Мөн тогтмол харьцдаг хүмүүстэйгээ и-мэйлээр харилцахыг хичээж байгаа, хэн хэндээ амар, дээр нь хэлсэн ярьсан бүхэн маань баримтжих болно.

Хичнээн үр бүтээлтэй байсан ч байнга нэмэлт ажилд дарагдаад байх юм бол хэзээ ч түүнийхээ ард гарч чадахгүй шүү дээ. Иймд хүмүүст үгүй гэж хэлж сурах хэрэгтэй гэнэ. Ийм ч юм олоод өг, тийм ч юм хараад өг гэсэн хөндлөнгийн хүмүүсийн гуйлт намайг стрессдүүлж байсныг ухаарч, тэдгээр хүмүүст эвтэйхнээр татгалзах хариу өгдөг болов. “Уучлаарай, найз нь ойрд маш завгүй байна, амжихгүй нь ээ.” Ойр дотны хүмүүстээ ийнхүү ширэн нүүрлэх хэцүү ч, тэд надтай надгүй учраа олж л таараа. Харин миний ажил амьдрал арай уужуу тайван болсон юм. Өөрийн цагийг хэмнэх бас нэгэн арга бол бусдад ажлаа даалган хариуцуулах явдал. Учир нь бүх зүйлийг өөрөө хийх гэж зүтгэх нь ажлын стрессыг хэд дахин нэмэгдүүлдэг байна.

Эдгээр дүрмийг ажил амьдралдаа нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмж маань бага ч атугай нэмэгдсэн. Чавганцын ажлаас бүрмөсөн ангижирна гэдэг юу л бол, гэхдээ нэг үеэ бодвол дажгүй шүү. Харин одоо нэтээр дэмий тэнэхээ багасгачихвал ч…



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.