Нүүр » №001, Багана, Үзэл бодол

Хөрөнгө оруулагчдад бодит бүтээгдэхүүн санал болгоё!

[1 February 2010 | Z.Ochir]

Хэд хоногийн өмнө Хонконг яваад ирлээ. Найзуудынхаа найз нөхөдтэй танилцаж, өдөр бүр ямар нэгэн арга хэмжээнд хамрагдав. Саяхан л гадаад хүмүүстэй танилцахад Монгол гэхээр гайхацгааж, хаана билээ, юу билээ гэцгээдэг байж. Гэтэл Хонконгийн банк санхүүгийн байгууллагад ажилладаг хүмүүс Монголын талаар хангалттай мэдээлэлтэй болсон төдийгүй ямар салбар ирээдүйтэй байна, хаана хөрөнгө оруулвал дээр вэ гэж асуух болжээ. Тэр дундаа Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарын ихэд сонирхож байх юм. Зарим нэг нь удаа дараалан Монголд ирсэн гэх. Монгол улс дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон тоглогчдын хараанд хэдийн өртжээ.

Өнгөрөгч 5-р сард дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компаниудын нэг болох Франклин Темплтоны emerging market буюу өсвөр зах зээлийн фондыг хариуцсан менежер Марк Мобиус Монголд айлчилсан. Тус компани харилцагчдынхаа 570 тэрбум ам.долларын хөрөнгийг 100 гаруй mutual fund буюу хамтын сангаараа дамжуулан зах зээлд байршуулдаг. Марк Мобиусын хувьд, 40 гаруй жил хөрөнгө оруулалтын сан удирдсан арвин туршлагатай, тухайн салбартаа маш нэр хүндтэй менежер. Өсвөр зах зээлд хөрөнгө байршуулах тал дээр мэргэшсэн тэрбээр 1980-аад онд шинэ зах зээл рүү чиглэсэн анхны хамтын санг санаачилж байжээ.

Марк Мобиус манай улсад айлчилсан талаар гадны хэвлэл мэдээллийнхэн болон салбарын мэргэжилтнүүд нэг хэсэгтээ шуурсан. Тэрбээр Монгол улсыг “уул уурхайн Сауди Араб” хэмээн тодорхойлсон ба уул уурхай, банк санхүү, ноолуурын салбарыг онцолжээ. Түүнчлэн, Монголд хөрөнгө оруулалт хийх талаар судалгаа хийж байгаа төдийгүй Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын хувьцааг худалдан авсан хэмээж байсан.

Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгууллагууд олширсон боловч тэдний хувьд манай зах зээлд нэвтрэх боломж хомс байна. Франклин Темплтон болон түүнтэй ижил төстэй хөрөнгө оруулалтын сангууд ихэвчлэн хувьцаа худалдаж авах замаар зах зээлд оролцдог. Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа тэдний шаардлагад нийцэх эсэх нь асуудалтай. Түүнчлэн, Монголын үндэсний компаниуд олон улсын томоохон биржүүдтэй харилцаа тогтоогоогүй нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг. Иймд хөрөнгө оруулалтын сангууд Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудын хувьцааг худалдан авах замаар Монголын эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэж байна. Энэ нь ихэвчлэн Хятадын компаниуд байдаг. Тухайлбал, Хөшөөтийн нүүрсний уурхайн лицензийг эзэмшигч Mongolia Energy Corporation хэмээх Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Хятадын компани 2008 онд Хөшөөтийн уурхайд хөрөнгө оруулах зорилгоор 2 тэрбум Хонконг долларын бонд гаргаж байсан билээ. Түүнчлэн, Овоот Толгой нүүрсний орд газрын лицензийг эзэмшигч South Gobi Energy Resources хэмээх Канадын компани ойрын хугацаанд Хонконгийн бирж дээр IPO зарлахаар төлөвлөж буй.

Бид дэлхийн зах зээл дээр гарах талаар хангалттай ярьсан. Гэвч Монголын үндэсний компаниудын хийж чадахгүй байгаа ажлыг гадныхан хийсээр байна. “Монгол газар” ХХК Goldman Sachs-тай IPO хийх талаар хэлэлцээр хийж байгаа сураг сонсогдож байсан боловч шийдэлд хүрч чадаагүй бололтой. Аливаа орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг маш урт хугацааны ажил байдаг, гэтэл дотоодын банкууд асар өндөр хүүтэй маш богино хугацааны зээл олгодог. Гадны эх үүсвэрээс хямд үнэтэй, урт хугацаатай мөнгө босгож чадвал “банк дампууруулсан” гэх зэрэг асуудал үүсэх нь юу л бол. Гаднаас сонгодог утгаар нь мөнгө босгож чадсан ганц хоёр л Монголын компани бий. 2007 онд Худалдаа Хөгжлийн Банк Сингапурын биржээр дамжуулан 75 сая ам.долларын бонд арилжиж байсан. Түүнчлэн, 2008 онд Петровис компаний хөрөнгө оруулалттай Петро Матад Лондонгийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаа гарган гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй анхны үндэсний хөрөнгө оруулалттай компани болсон юм.

Их хэмжээний хөрөнгө оруулалт татахын тулд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөн үндэсний компаниудаа гадны томоохон хөрөнгийн биржүүдэд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай юм. Учир нь бид хөрөнгө оруулагчдад бодит бүтээгдэхүүн санал болгох хэрэгтэй байна. Тэгж чадвал хөрөнгө оруулалтын банк, хамтын сан, hedge fund-уудаас мөнгө босгох боломж бүрдэнэ. Өнөөдөр Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт ихэвчлэн уул уурхайн компаниудаар хязгаарлагдаж байгаа. Банк санхүүгийн байгууллагуудын сонирхлыг татах хөрөнгө оруулалтын хэрэгсэл бий болгож, ашиг орлого сайтай Монгол компаниудын хувьцааг нэгтгэсэн хөрөнгө оруулалтын сан ч бий болгож болох юм. Хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг ихэд сонирхож буй энэ үеийг сайтар ашиглаад авъя.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.