Нүүр » №001, Багана, Баян ходоод

Хүрз нь хүртэл хүнийх

[2 February 2010 | Б.Жаргалан]

Нэгдүгээр үзэгдэл

ЖОН ЛИ:

Дорж оо, танай ууланд алт байдаг сурагтай. Надад бээр хүрз байна, тэгэхээр хоёулаа нийлж танай алтыг ухаж баяждаг хэрэг ээ. Чамд ч ашигтай, надад ч ашигтай, ухсан алтаа хувааж авъя.

ДОРЖ:

Алтанд дургүй хэн байх вэ, эх орны минь хишиг. Харин муу аав минь байсан бол дургүйцэх байх даа. Хөөрхий, насаараа л энэ уулыг сахиж суусан юмсан. Гэхдээ алийн болгон уулын мухар харж суух вэ, ядаж хэдэн хүүхдээ хүн шиг хүн болгоё. Чи хүрзээ олоод ирвэл хоёул хамтарсан ч яахав.

Хоёрдугаар үзэгдэл

ЖОН ЛИ:

Цаана чинь алт мөнгөнд умбасан эзгүй хээр талд Дорж гэдэг нэг мулгуу нөхөр сууж байна. Хүрзний мөнгө босгоодохвол баяжлаа л гэсэн үг. Хөгшин чинь мөнгөгүйдээд байна, чи л тусална байгаа. Дорж бид хоёр юугаа мэдэх вэ, мань хүнд хэдэн сохор зоос, хэд гурван шил архи байхад л болно. Харин алтыг нь чи бид хоёр хувааж авна. Хүрз авахад хөрөнгө оруулаач, хө?

НАСДАККЕР:

Чи цаад Доржтойгоо гэрээ байгуулаад ирвэл хүрзний мөнгө юухэн байхав. Цаад нөхрөө л аргалчих, бусад зүйлд санаа зоволтгүй.

Гуравдугаар үзэгдэл

ЖОН ЛИ:

За, Дорж минь, болоодохсон шүү. Миний хөгшин энэ бичигт л гарын үсгээ зурчих, тэгээд л чи тэрбумтан боллоо гэсэн үг.

ДОРЖ:

Алт нь байхад нэг муу хүрзний төлөө гар хөлийн үсэг зурах хэрэг байна уу?

ЖОН ЛИ:

Дорж минь дээ, Дорж минь…. чамайг энд мал маллаж суух хооронд юм гэдэг чинь нарийн болсон байна шүү дээ. Алт ухна гэдэг чинь хүнд ажил. Зуралгүй бол болохгүй, тэгээд л чи тэрбумтан.

ДОРЖ:

Гучин жилийн гэрээ байгуулна гэв үү? Алт байгаа нь үнэн юм хойно чи бид хоёр ингэж сүржигнэх хэрэг байна уу?

ЖОН ЛИ:

Сүржигнэх юу байх вэ, хөгшөөн, эрсдэлтэй алхам хиймээргүй байна. Над шиг ийм сайхан сэтгэлтэй хүн чамд дахиж олдохгүй шүү, бушуу гарын үсгээ зурж орхи, ирээдүйгээ бод.

ДОРЖ:

Хүрзний чинь тал үнийг бас би төлөх болж байна уу?

ЖОН ЛИ:

Тэгэлгүй яах вэ, хүрз гэдэг чинь үнэтэй эд. Уулын мухарт суугаа чамайг надаас өөр тоох хүн байхгүй шүү. Чи бид хоёр миний хүрзгүйгээр газрын хэвлий дэх тэр их алтыг ухаж авч чадахгүйгээс хойш гарын үсгээ зураад аль.

Дөрөвдүгээр үзэгдэл

ДОРЖИЙН ХҮҮ ДОНДОГ:

Шунал ихэдвэл шулам болно оо гэж… Аав минь тэр муу Жонтой яах гэж гэрээ байгуулав даа. Тал нутгийг минь ухаж төнхөөд алга болно гэж яаж ч мэдэх вэ дээ. Хоёул хамтдаа баяжна гээд л байсан өр төлбөр ярьсаар байгаад хамаг алтыг маань хуу хамаад явчихсан. Аавыг минь амьд сэрүүн байхад татвар тэтгэмж гэж хэдэн зоос хялайлгаж байсан нь их юм. Бэлчээр ч үгүй боллоо, яажшуухан амь зууна даа.

Ядаж байхад тэр муу хүрз нь хүртэл хүнийх байхдаа яахав дээ. Хүрз авсан зээлээ төл гэж бас нэг нөхөр ирээд манайд ноогдсон алтан гулдмайг хураачихсан. Саахалт айлын Самбуу дарханаар хэдэн сайхан хүрз хийлгэж аваад өөрсдөө алтаа ухсан бол өдийд ингэж суухгүй дээ. Эх орны хишгээ гэж…



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.