Нүүр » №001, Онцлох сэдэв, Хоймор

Хурим: хуримын зочны цензургүй тэмдэглэл

[2 February 2010 | Ес далан зургаа]

Ноднин жил дөрвөн танил маань хуримаа хийж билээ. Би гэдэг хүн наадам өнгөрөв үү үгүй юу хуримын урилгад дарагдаж, өдөр болгон шахуу Баянгол зочид буудалд суудаг ажилтай болов. Эхний хурим хачин сайхан санагдаж, нулимс унагаах нь холгүй юм боллоо. Хоёр дахь хуримд очихдоо аль хэдийн дөжирчихсөн байв, “Ингэж л байдаг юм, тэгсгээд бүгд тасарцгаагаад дуусдаг юм” ухааны юм бодсон шиг найр дуусахыг хүлээж суулаа. Арваадхан хоногийн дараа гурав дахь хуримд уригдлаа. Эхний хоёр хуримаас ялгагдах зүйл огт байсангүй. Толгой ширээнд заларсан хос солигдож, сүйт бүсгүйн даашинзны загвар үл ялиг өөрчлөгдсөнийг эс тооцвол зочдоос нь авахуулаад хоол нь хүртэл яг адилхан байв. Гурав дахь удаагаа зохиолын дуучдын концерт, мулгуу хөтлөгчийн тэнэглэлийг сонсохыг хүсээгүй тул хурдхан шиг бэлгээ гардуулчихаад гарахын түүс боллоо. Дөрөв дэх хуримын урилга ирэхэд найз руугаа утасдаж баяр хүргээд, “яаралтай хөдөө явах ажилтай болсон тул очиж чадахгүй нь” гэж хэлээд бултаж орхив. Хэдэн удаа согтуу хүмүүсийн дунд найр хавтгайрахыг хүлээж суух вэ дээ.

ХӨТЛӨГЧ

Уул нь хурим найр сайхан л даа. Гэхдээ зохион байгуулалтын асуудлаа сайтар анхаарахгүй бол зочдоо залхаагаад, өөрсдийгөө зовоогоод дуусдаг бололтой. Хуримлаж буй хоёрыг харахад нэг л их зовсон царайтай хоёр хүн ширээ хэсч, таних танихгүй хүмүүстэй патиараа татуулж зогсдог. Уул шугамдаа тэр хоёрын баярыг тэмдэглэх гэж л тэр олон хүмүүс тэнд цугласан байлтай. Гэтэл хөтлөгч нь хуримын эздийг тоосон ч шинжгүй, уригдан ирсэн УИХ-ын гишүүн, зохиолын дуучдыг цоллохын хажуугаар зочдыг архиар шахаж гарна. Хоёр дахь хуримын хөтлөгч гэхэд сүүлдээ бүр өөрөө согтчихоод онигоо ярина гэж бантанг нь хутгах шиг болно лээ. Хуримын үйл ажиллагаанд хөтлөгч асар чухал үүрэгтэй байдаг болохоор аятайхан хөтлөгч сонгохгүй бол хэцүүддэг юм билээ шүү, та минь. Хүмүүсийг танилцуулах, зочдыг хөгжөөх, элдэв асуудлыг эвтэйхнээр шийдвэрлэх гэх зэргээр найрыг удирдан чиглүүлэх үүрэг хөтлөгчийн нуруун дээр буудаг тул хөтлөгчийн ур чадвар найрын уур амьсгалд шууд нөлөөлдөг. Болж өгвөл хөтлөгчдөө юу ярихыг нь урьдчилж зааж өгөх хэрэгтэй, ядаж хоёр талын гэр бүлийн онцлох хүмүүсийн намтар түүхийг бичээд өгчихвөл хаа хамаагүй эрхэм гишүүнийг байн байн танилцуулаад байхгүй л болов уу. Түүнчлэн, хөтлөгчөө архи дарс уухыг ор тас хориглох хэрэгтэй, согтуу хөтлөгчтэй хурим ямар байхыг төсөөлж байгаа биз дээ.

ХӨГЖИМ

Манайхан хурим зохион байгуулахыг концерт тавихтай андуурдаг шиг санагддаг юм. Гурван хуримд очсон биш гурван удаа үнэгүй концерт үзчихэж билээ. Дор дороо салат сэрээдэх зуураа хэдэн дуучдыг ам барихыг харж сууна гэдэг бол яавч хүсэх юм биш ээ, ямар концерт үзэх гэж ирсэн биш дээ. Цайллагын эхэн үед сүрхий хамтлаг дуучдаас зайлсхийж, оронд нь хийлийн дөрвөл ч юм уу, хүмүүст нэг их тээр болоод байхааргүй аятайхан хөгжим эгшиглүүлвэл зочид нь ч тайван ууж идэж, найрын уур амьсгал ч жигдрэх байх. Тэгэхгүй бол хоолны дундуур нэг нөхөр юу юугүй орилоод байвал ширээнийхээ хэдтэй хүртэл хоёр үг сольж чадахааргүй юм билээ. 1, 2-р хоолны дараа буюу хүмүүс хөөрхөн халаад эхэлчихсэн хойно жинхэнэ концертоо тавьж, нэг мөсөн дуулж бүжиглэх үедээ шилжвэл зохимжтой санагдав.

БЭЛЭГ ГАРДУУЛАХ, ҮГ ХЭЛЭХ

Хуримын цайллагын эхний хагас нь найруулга муутай концерт шиг байдаг бол хоёр дахь хагас нь махны дарааллыг санагдуулдаг. Хүн бүр бэлдэж ирсэн бэлгээ бариад заалны голд оочерлоод зогсчихыг нь яана. Мэдээж хэрэг бүгд баяр хүргэж, үг хэлнэ. Энэ үед хуримаа хийж буй хоёр уригдаж ирсэн этгээдүүдэд шүлсдүүлээд зогсож байх үүрэгтэй. Зочид нь орж ирэхдээ бэлгээ нэг газар тавиад бүртгүүлчихдэг байвал амар санагдах юм. Өөрийн биеэр гардууллаа гээд ямар дугтуйнд хэдэн төгрөг хийснээ зарлах биш, заавал оочерлож барих шаардлага байдаг л юм байх даа. Ёс болгоод хоёр талын эцэг эх нь хүүхдүүддээ бэлэг сэлтээ гардуулж үг хэлээд, бусад зочид нь цаагуураа зохицуулчихаж баймаар юм. Тэгээд ч ямар хүн болгон үг хэлэх шаардлагатай биш, ялангуяа холын хамаатны халамцуу өвөө бол бүр илүү. Түүнчлэн, хэн нэгэн сайд дарга уригдсан л бол заавал үг хэлэх ёстой гэж хэн хэлээ вэ? Үнэн хэрэгтээ шинэхэн хосыг таних ч үгүй нөхөр байгаа шүү дээ, юугаа ч ярих юм билээ. Хоёр талын эцэг эх, эмээ өвөө болон дотны найз нөхөд нь үг хэлэхэд хангалттай биш гэж үү.

ХООЛ

Нэгэнт цайллага хийж, хүн амьтныг урьж залж байгаа бол хоол ундандаа сайтар анхаарвал зохино. Манайд томоохон заалтай ресторан цөөхөн тул хоол муутай ч гэсэн зай талбай ихтэй бол барав болдог. Нэгэнт тэр байгууллагад хоол авах нэрийдлээр өч төчнөөн сая төгрөг тушааж байгаа юм чинь тогоочийг нь чихдэж байгаад ч болтугай аятайхан меню зохиолгох хэрэгтэй. Баянгол ресторанд хуримын цайллага хийхэд дунджаар нэг хүний 30 000 төгрөг байдаг гэнэ лээ. Тэнд ойролцоогоор 300 хүн багтдаг гэж бодвол хоолны зардал нь л гэхэд 9 сая төгрөг болж байгаа юм. Гэтэл ямар амнаас уначих гэсэн юм өгдөг билээ дээ. Тамирчин тахиа, улиг болсон салатны цуглуулга гэх мэт байдаг л нэг гуанзны хоол, ямар ч үзэмж байхгүй. Ядаж байхад хоол нь хүйтэн ирэхийг нь яана. Уул нь хурим найр, баяр ёслолын хоол үзэмж сайтай, чамин тансаг байвал хүндэтгэлтэй баймаар юм. Урлагийн бүтээл хийдэггүй юм аа гэхэд ядаж гараа гаргаж болно доо.

ШИРЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Би гурвын гурван хуримд очихдоо ганц ч шинэ хүнтэй танилцаж чадаагүй. Миний хуваарилагдсан ширээ болгон дээр дандаа таньдаг хүмүүс сууж байсан болохоор хүн амьтантай танилцах боломж гараагүй л дээ. Хурим найр гэдэг нь хоёр талын төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсийг учруулж, танилцуулах үүрэгтэй арга хэмжээ. Тэгэхээр ширээний зохион байгуулалтаа сайтар бодолцох хэрэгтэй юм билээ. Мэдээж хэрэг огт бие биенээ танихгүй хүмүүсийг нэг ширээнд суулгачихаж болохгүй. Гэхдээ насны хувьд ойролцоо, таарч тохирмоор хүмүүс байвал хэсэг бүлгээр нь хуваагаад хамтад нь суулгаж болох юм, гэх маягаар хоёр талын зочдоо нийлүүлбэл сонирхолтой уур амьсгал бүрдэж мэднэ. Тэгэхгүй бол ширээ ширээгээрээ булганаж уусаар байтал нэг л мэдэхэд хүн танихын аргагүй болчихдог талтай. Бас нэгэн хачирхалтай зүйл ажиглагдсан нь, зурагчин гэх нэг нөхөр “Зургаа авахуулах уу, шууд гарна шүү, тэдэн мянган төгрөг” гээд яваад байх юм. Зайлуул, бизнес хийчих санаатай. Нэг үеэ бодвол манайхан хурим найр хийхдээ мэргэжлийн гэрэл зурагчин хөлсөлдөг болсон шүү дээ, тэгэхээр тэр нөхрөөрөө ширээ болгоны зургийг даруулаад, дараа нь зочиддоо тараачихаж болдоггүй юм байх даа? “Бидний хуримд хүрэлцэн ирсэнд баярлалаа, энэхүү зургийг дурсгал болгон илгээж байна” гэсэн и-мэйл бичээд, хавсаргачихад хангалттай шүү дээ. Өгсөн авсандаа өлзийтэй гэдэг шиг хэн хэндээ тааламжтай.

Ирэх сард дахиад хоёр хуримд уригдчихсан байдаг. Өнгөрсөн жилийн дууль давтагдвал яана даа гэж бодохоос айх шиг. Хурим гэдэг бол хүний амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг шүү дээ. Иймд хуримынхаа цайллагадаа хариуцлагатай хандъя, зочдоо хүндэлье. Согтуу хөтлөгч, зохиолын дууны концерт, бэлэгний оочероос татгалзаж, гэр бүл, найз нөхдийн хамт нэгэн гайхамшигтай үдшийг өнгөрүүлбэл яасан юм?



2 сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.