Нүүр » №001, Технологи, Тооно

Хийсвэр мөнгөн тэмдэгт

[2 February 2010 | Ес далан зургаа]

Тусгаар тогтносон улс болгон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт гаргах эрхтэй ба түүгээрээ дамжуулан эдийн засгаа удирдаж, зах зээлийн харилцааг зохицуулж байдаг. Тийм ч учраас АНУ-ыг долларгүйгээр, БНХАУ-г юаньгүйгээр, Монголыг төгрөггүйгээр төсөөлшгүй. Гэтэл интернэтийн огцом хөгжлийг дагаад зарим нэг интернэт сайт болон цахим тоглоомууд өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтийг гарган хэрэглэгчиддээ санал болгох болжээ. Тухайлбал, Second Life хэмээх цахим тоглоом Линден доллар гэгдэх мөнгөн тэмдэгттэй. Линден долларын арилжаа хийгддэг LindeX хэмээх бирж хүртэл бий. Бодит мөнгөөр Линден доллар худалдан авсан хүмүүс тоглоомын орчинд гүйлгээ хийж, цахим үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авснаар тоглоомын баатар буюу аватарынхаа хэрэгцээг хангадаг байна.

Өөрөөр хэлбэл, Second Life-д бүртгүүлэн өөрийн аватарыг бий болгосноор тус тоглоомын орчинд газар худалдан авч, дэлгүүр хэсч, тэр бүү хэл бодит бизнес эрхлэх боломжтой юм. “Second Life улс” 18 сая хүн амтай бөгөөд оршин суугчид нь хийсвэр мөнгөөр гүйлгээ хийх үүрэгтэй тул Линден доллар эрэлт ихтэй байдаг гэнэ. 2009 оны 2-р улиралд л гэхэд LindeX бирж дээр 144 сая ам.доллартай тэнцэх Линден доллар арилжаалагджээ. Second Life-тай төстэй олон тоглоом бий – World of Warcraft, Everquest, Gaia Online, г.м.

Түүнчлэн, Азид цахим тоглоомын зах зээл олон нийтийн сүлжээний орчинд маш эрчимтэй хөгжиж байгаа юм. Reuters-ын мэдээлснээр, Азийн хэрэглэгчид Хятадын Qzone, Өмнөд Солонгосын Cyworld,  Японы Gree гэх зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цахим бүтээгдэхүүн худалдан авахад жилдээ 5 тэрбум ам.доллар зарцуулдаг гэнэ. Хятадын Qzone хэмээх олон нийтийн сүлжээ сайт 2008 онд 1 тэрбум ам.долларын орлого олсон ба цахим бүтээгдэхүүний борлуулалт орлогынх нь 90 орчим хувийг эзэлжээ. 200 гаран сая хэрэглэгчидтэй тус сайт Q зоос хэмээх мөнгөн тэмдэгттэй. Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд өргөнөөр хэрэглэгдэх болсон Q зоосыг зарим нэг дэлгүүр болон үйлчилгээний газрууд хүртэл хүлээн зөвшөөрөх болсон нь БНХАУ-ын эрх баригчдыг сандрааж, цахим мөнгөн тэмдэгтийг зохицуулах журам гаргахад хүргэсэн байна. Тус журмаар бодит бүтээгдэхүүнийг цахим мөнгөөр арилжаалахыг хориглож, цахим мөнгөний арилжааг хязгаарлажээ.

Дэлхий даяар интернэт хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсч, тэд ийнхүү өөрийн гэсэн дүрэмтэй бие даасан ертөнцийг бий болгож байна. Хэдэн жилийн дараа Линден доллар ам.долларыг орлож, юаны оронд Q зоос арилжаалахыг хэн байг гэх вэ.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.