Нүүр » №001, Багана, Эдийн засаг

Хамтаар эзэмшихийн ач тус

[1 February 2010 | Б.Жаргалан]

Монголчууд зах зээлийн эдийн засаг хэмээх ойлголтыг хүлээж авах гэж нилээд удсан. Олон арван жилийн туршид баримталж ирсэн үзэл санаа, итгэл үнэмшил маань нэг л өдөр үндэс суурьгүй болж, ертөнцийг цоо шинэ өнцгөөс харах шаардлагатай болсон юм. Эргэн харахад, үзэл суртлын вакуум бий болсноор олон хүн амьдралд итгэх итгэлээ алдаж, цаг үеийн золиос болжээ. Гэсэн хэдий ч цаг хугацааны эрхэнд бид шинэ нийгмийнхээ дүрмийг хүлээн зөвшөөрч, түүнтэйгээ дасан зохицохоос өөр сонголтгүй болсон юм.

Тийм ч учраас бид ердөө хорин жилийн дотор цоо шинэ итгэл үнэмшилтэй болж амжсан билээ. Ардчилсан хувьсгалаас зургаахан жилийн дараа Монгол улс импортын татвараа тэглэж, эдийн засгийн либерал үзлийг хоёр гараараа дэмжиж байв.  Нүд ирмэхийн зуур улаан коммунистууд архаг капиталист болон хувирч, “зах зээл”, “хувьчлал”, “хувийн өмч” зэрэг үгсээр чамирхан Англи, Америкийн жишээг иш татах болсон. Чөлөөт зах зээлийн үл үзэгдэгч гар хамаг асуудлыг шийднэ хэмээн зарлан тунхаглах хүмүүс олширч, Ленин багшийг Адам Смит орлох болов. Улмаар Милтон Фрийдман, Айн Рэнд нарын бүтээлүүд орчуулагдаж, чөлөөт зах зээл бол цорын ганц сонголт гэсэн үзэл санаа өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх болсон юм. Эдгээр сэтгэгчдийн нөлөөн дор либерал үзэл санаа либертари үзэл болон хувирч, зарим нэг хүмүүс төр засгийн эрх мэдлийг улам бүр хязгаарлах санал дэвшүүлж эхлэв. Жон Мэйнард Кейнсын хэлсэнчлэн, “Ямар нэг онол, сургаалийн нөлөөнд автдаггүй гэдэгтээ бат итгэсэн хүн хүртэл, хэн нэгэн “сураггүй” эдийн засагчийн оюун ухааны боол болсон байдаг.” Бид аль хэдийн 90-ээд онд олж авсан үзэл суртлынхаа боол болжээ.

Гэтэл дэлхий дахинд үзэл суртлын шинэчлэл явагдаж байна. Эдийн засгийн хямралын үр дүнд хувийн хэвшлийн олон арван корпораци төрийн мэдэлд шилжиж, чөлөөт зах зээлийн үзэл суртлын суурь ганхаж эхэллээ. Учир нь аргамжаагүй зах зээл хямралд хүргэхээс гадна байгаль орчныг сүйтгэж, Мейдофф мэтийн луйварчдыг өөгшүүлэх аюултай байжээ. Вашингтоны хэлцэл буюу Дэлхийн Банк, ОУВС-гаас санал болгодог неолиберал эдийн засгийн дүрмүүд үеэ өнгөрөөсөн гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байна. АНУ хүртэл Европын жишгийг дагаж, Барак Обамагийн бодлогын шийдвэрүүд социалист үнэр ханхлуулах болов.

Энэ үед эдийн засгийн харилцааг чөлөөт зах зээлийн бус өнцгөөс харж чадсан Элинор Остром хэмээх (эмэгтэй!) улс төр судлаач Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн нь анхаарал татаж байгаа юм. Түүний судалгааны ажлын ач холбогдлыг авч хэлэлцэхийн өмнө 1960-аад оноос хойш яригдсан “Нийтээр эзэмшихийн эмгэнэл” хэмээх үзэгдлийг тайлбарлавал зохилтой. 1968 онд биологич Гаррет Хардин “Нийтээр эзэмшихийн эмгэнэл” өгүүлэлдээ хүмүүсийн хувиа хичээсэн хэрэглээ хамтын эзэмшлийн баялгийг сүйтгэх хор хөнөөлтэй болохыг онцолжээ. Энэхүү дүгнэлт нь эдийн засагчдад хүчтэй нөлөө үзүүлсэн төдийгүй нийтийн эзэмшилд буй баялгийг хувьчлах эс бөгөөс төрийн мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэсэн үзлийг дэврээж орхисон юм. Либерал үзэл баримтлагчид “нийтээр эзэмшихийн эмгэнэл” хэмээх ойлголтоор түрий барьж, бүх баялгийг хувьчлахын төлөө улайран зүтгэдэг бол төр засгийн оролцоог дэмжигчид хамтын эзэмшлийн баялгийг татваржуулж, төрийн зохицуулалтаар хангахыг илүүд үздэг.

Харин Элинор Остром нийгмийн баялгийн удирдлагын асуудлыг өөр өнцгөөс харжээ. Тэрбээр, нийтийн эзэмшлийн ой мод, бэлчээр, байгалийн баялгийг тухайн газар нутагт оршин суугаа ард иргэд ухаалгаар ашиглаж, байгалийн зохистой харьцааг хадгалсан зохицуулалтыг бие даан хийх чадвартай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн баялгийг хувьчлах эсвэл төр захиргааны мэдэлд шилжүүлэх шаардлагагүй бөгөөд хамгийн зохистой хуваарилалт зах зээлийн харилцаанаас ангид зарчмаар явагдах боломжтой гэдгийг Остром олж харсан байна. Энэ нь эдийн засагчдын дунд газар авсан нийтээр эзэмшихийн эмгэнэл хэмээх ойлголтыг сөрсөн дүгнэлт юм. Нийтийн баялгийг эзэмшиж буй хувь хүмүүс баялгийг талхлан сүйтгэлгүйгээр ашиглах ухаалаг механизмыг олж, хамтран ажиллаж чаддагийг Остромын судалгаа нотолжээ.

Нобелийн шагнал зарлагдсны дараахан АНУ-ын Аляска мужийн Anchorage Daily News сонинд “Нобелийн шагналтан Аляскад нөлөөлсөн” гэсэн нэртэй материал нийтлэгдсэн юм. Аляска муж, газрын тос болон бусад байгалийн баялгаас олсон орлогоо тусгай санд байршуулан жил бүр иргэддээ ноогдол ашиг болгон хуваарилдаг. Энэхүү шийдвэрийг гаргахад Остромын судалгаа чухал түлхэц болсныг ADN сонин цохон тэмдэглэжээ. Байгалийн баялаг нь нийтийн эзэмшил мөн хийгээд түүнээс олсон орлогыг ард түмэнд эрх тэгш байдлаар хуваарилах нь зүйтэй гэсэн уриан дор байгуулагдсан Аляскийн “Permanent Fund” Остромын зарлан тунхагласан хамтаар эзэмшихийн ач тусыг бодитоор илтгэж буй. 2009 онд тус сан Аляскийн иргэн бүрт 1 305 ам.долларын ноогдол ашиг хуваарилсан байна.

Монгол Улс гуравхан сая хүнтэй. Бид олон зуун жилийн туршид байгаль орчинтойгоо дасан зохицож, уул усаа тахин шүтэж амьдарсан ард түмэн. Хамтаар эзэмшихийн ач тусыг бид ойлгохдоо л нэг ойлгоно. Харамсалтай нь бид 90-ээд онд олж авсан үзэл суртлынхаа хүлээсэнд баригдан сууна. Эргэн тойрноо бодитоор харья. Хувьчлалын дон туссан нөхдүүд малын бэлчээрийг хүртэл хувьчлах шаардлагатай хэмээн онолдож, ард түмний тархийг угааж байна. Оюу Толгой, Таван Толгой зэрэг томоохон орд газрыг ашиглах шийдвэр тухайн бүс нутгийн ард иргэдийн оролцоогүйгээр хаалттай хаалганы цаана хийгдэж байна. 2006 онд Айванхоу Майнзын Фрийдланд, “Говьд асуудал үүсгээд байх хүн хар, төрийн бус байгууллага огт байхгүй” гэж ярьж байсныг санаж байна уу?

Үнэндээ Фрийдланд болон түүний хамсаатнууд ямар ч асуудалгүйгээр хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулчихлаа шүү дээ. Тэд “Зах зээл Монголыг хүлээхгүй, хөрөнгө оруулагчид үргэлээ” гэх зэргээр бидний тархийг маш сайн угааж чадсан тул бид сайн дураараа гэрээний явцыг түргэвчилсэн. Гэтэл Өмнөговь аймагт 80 000 хүн амьдарч байна. Тэд гучин жилийн дараа ч тэндээ амьдарсаар байх болно. Тэдэнд усны нөөц, бэлчээр, цэнгэг агаар хэрэгтэй тул тэд шийдвэр гаргахад оролцох эрхтэй. Хийсвэр амлалт, луйвар, мөнгөний хүчинд бий болсон сонгуулийн дүн, “зах зээлийн үл үзэгдэгч гар”-аар дулдуйдан нийтийн эзэмшлийн баялгийг солгой баруунгүй хувьчилж болохгүй гэдэгтэй Нобелийн сан лав санал нийлэх биз ээ.

Эдийн засгийн Нобель

Шведийн химич, зохион бүтээгч Альфред Нобель хүн төрөлхтөнд тустай vйл бүтээсэн таван салбарын шилдгүүдийг жил бvр шалгаруулан мөнгөн шагнал олгохыг гэрээсэлсэн билээ. Анхны Нобелийн шагналыг гардуулах ёслол 1901 оны 12-р сарын 10-нд зохион байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш Нобелийн сан физик, хими, анагаах ухаан, утга зохиол, Энхтайван гэсэн таван төрөлд шилдгүүдийг тодруулсаар ирсэн.

1969 онд Шведийн төв банк (Sveriges Riksbank) гурван зуун жилийн ойгоо тохиолдуулан эдийн засгийн салбарт Нобелийн нэрэмжит шагнал гардуулахаар шийдвэрлэжээ. Иймд эдийн засгийн Нобелийн шагналыг албан ёсоор Альфред Нобелийн нэрэмжит Эдийн засгийн ухааны Шведийн төв банкны шагнал (Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel) хэмээдэг. Шагналын эздийг Шведийн Шинжлэх Ухааны Академи Нобелийн гэрээслэлд заасан дүрмийн дагуу бусад шагналтнуудын хамт шалгаруулдаг байна.

Элинор Остром
2009 оны Нобелийн нэрэмжит эдийн засгийн шагналын эздээр Элинор Остром, Оливер Э. Уиллиамсон нар тодорсон юм. Хатагтай Остром энэхүү нэр бүхий шагналыг хүртсэн  анхны эмэгтэй судлаач билээ. Тэрбээр 1965 онд Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуульд улс төр судлаач мэргэжлээр докторын зэрэг хамгаалжээ. 76 настай Остром Индианагийн Их сургуулийн улс төр судлалын тэнхимд багшлахын зэрэгцээ тус сургуулийн Улс төрийн онол, бодлого судлалын төвийг удирддаг аж.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.