Нүүр » №001, Ном, Тооно

Улаанбаатарын номын дэлгүүрүүд

[1 February 2010 | Б.Тэнгис]

“Ном уншдаг хүн үгүй болжээ” гэж нэг хэсэг их ярьсан ч, нийгэм хөгжихийн хирээр хүмүүс ч сэмхэн уншиж эхэлсэн бололтой. Өдөр бүр өч төчнөөн ном хэвлэгдэж, гадаадад бестселлер болж буй ном зохиол хэдхэн сарын дотор Монгол хэлнээ орчуулагддаг болжээ. Хамгийн их борлуулалттай номын жагсаалтад “Хэрхэн яаж баяжих вэ”, “Долоо хоногийн дотор 10 кг турах арга”, “Хүмүүсийг татах урлаг” гэх зэрэг ном тэргүүлдэг хэвээр боловч сонгодог зохиолууд ч бестселлерын жагсаалтад мэр сэр харагдах болов. Эрэлт сайжирсан тул номын дэлгүүрүүдийн тоо олширч, сонголт нэмэгджээ. Энэ удаад “ЕС ДАЛАН ЗУРГАА” сэтгүүл Улаанбаатар хотын зарим нэг номын дэлгүүрээр зочиллоо.

Номын дэлгүүрүүд маань сонголтын хувьд хоорондоо нэг их ялгардаггүй ч, дэлгүүр бүр өөрийн гэсэн уур амьсгалтай. Номоо яаж өрж тавьснаас авахуулаад ямар номыг онцолсон гэдгээс нь тухайн дэлгүүрийн чиг хандлага харагдана. Ихэнх дэлгүүрт нэгэн нийтлэг алдаа ажиглагдаж байсан нь зохион байгуулалтын асуудал. Номоо олох гэж зовно, дээр нь бүгдийг нь давхардуулаад тавьчихдаг тул нэг ном авахын тулд нилээд хэдэн ном хөдөлгөх шаардлагатай болно. Ном хайж олно гэдэг асар их тэвчээр хатуужил шаарддаг тул хүмүүс хамгийн ойр харагдсанаар нь “Хэрхэн яаж баяжих вэ”-г дахин дахин аваад байдаг юм болов уу?

Гэхдээ номын худалдаа бол хэзээд хамгийн буянтай бизнес байдаг тул номын буяныг арвижуулж буй бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Ном худалдахын оронд архи зарж, алт ухаж болох л байсан шүү дээ. Номын буян хурах болтугай! Ингээд аяллаа эхлүүлцгээе.

“Интерном” номын их дэлгүүр

Ардын аман зохиолоос авахуулаад нарийн мэргэжлийн ном хүртэл худалддаг Интерном дэлгүүр сонголтын хувьд бусдыг дагуулахгүй. Ялангуяа шинээр хэвлэгдэн гарсан ном зохиол хамгийн түрүүнд энд ирдэг тул та хайсан номоо олох нь дамжиггүй. Нэг зүйлийг онцлоход, Интерномын толь бичгийн тасаг үнэхээр сонголт сайтай санагддаг юм – ямар ч олон толь бичиг байдаг юм, түүнийг нь яасан ч их хүн авдаг юм. Гэхдээ бүх зүйл хоёр талтай байдгийн үлгэрээр аливаа үйлчилгээний байгууллага, ялангуяа номын дэлгүүр, томрох тусмаа үйлчлүүлэгчидтэйгээ тулж ажиллах чадвараа алддаг гэлтэй. Номын дэлгүүр авсаархан хэрнээ час хийсэн цуглуулгатай, худалдагчидтай нь яриа өрнүүлэх орчинтой байвал гоё байдаг даа. Орчин гэснээс, Интерномын хоёрдугаар давхарт байрлах coffee shop-ыг санал болгоё. Coffee shop руу дэлгүүрийн номыг авч орох хориотой ч (энэ нь номын хулгай их гардагтай холбоотой гэсэн), зүгээр нэг coffee shop-д кофе уухын оронд номын дэлгүүрийн coffee shop-д кофе уух нь хамаагүй илүү кайфтай шүү дээ.

Хаяг: Төв – Шинжлэх Ухаан Мэдээллийн Төвийн урд, Салбар – Гандирс худалдааны төвийн нэг давхарт
Салбар – Гранд Плаза цогцолбор
Утас: 330902; вебсайт: www.internom.mn
Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 10:00-19:00; Бямба-Ням гаригт 11:00-17:00
Үйлчилгээ: *****

The Original Bookstore (TOBS)

HiFi-д байрлах TOBS номын дэлгүүр нь хөгжмийн дэлгүүрээсээ дутахааргүй арвин сонголттой. Монгол ном сэтгүүлээс гадна цөөн тооны Англи, Орос номтой. Хөгжмийн дэлгүүрийг нь зорьж ирсэн инди рок залуус боломжийг ашиглан давхар ном сэтгүүл эргүүлж зогсох нь эгдүү хүрэм. Хааяа нэг энд ирж, “cool teenager”-уудын хамт хөгжим сонсонгоо ном зохиол гарчиглаж заншвал залуужаад л явчих шинжтэй. Харин сонголтын хувьд TOBS тийм ч инди биш юм, бусад дэлгүүрт харагддаг л гарчигууд.

Хаяг: Хүнсний 50 дэлгүүрийн дэргэдэх Hi-Fi хөгжмийн дэлгүүр
Утас: 333222; вебсайт: www.hi-fi.mn
Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-21:00, цайны цаг: 15:00-15:30
Үйлчилгээ: *****

Урт Цагааны Номын Худалдаа

Номын дэлгүүр олшроогүй байх үед цалин буух тоолонд Урт Цагааныг зорьж, ганц нэг ном авдагсан. Одоо ч тансаг номын дэлгүүрүүд нээгдэж, Урт Цагааны худалдаачдын бизнес хаагдах тийшээ хандаж байх шиг. Гэхдээ дээр үеийн ховор ном зөвхөн энд л байдаг. 1980-аад онд хэвлэгдсэн Г.Аким гуайн “Зуун жилийн ганцаардал”-ын орчуулга (15 000 төгрөг), 1966 оны Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (60 000 төгрөг), “Маркс, Энгельсийн түүвэр зохиол” (4 000 төгрөг) – Урт Цагаанаас юу л бол юу олдоно. Олддоггүй юм аа гэхэд наймаачдад нь захиад үлдээвэл цаадуул чинь олоод л ирнэ. Хааяадаа энд ирж нөхдүүдтэй ном зохиолын талаар яриа өрнүүлж, хууч хөрөхөд толгой сэргээд явчихдаг юм. Гэм нь нэг лангуунаас ганц ном худалдаад авчихаар бусад нь хэрэгтэй хэрэггүй ном санал болгож, тал талаас чангааж эхэлдэг. Үгүй гэж хэлж чаддаггүй хүн таарвал бүхэл бүтэн номын сантай болгоод гаргаж дөнгөх л хүмүүс. Ховор нандин ном сонирхохын сацуу наймаалцах урлагт суралцахыг хүсвэл Урт Цагааныг зориорой.

Хаяг: Урт Цагаан
Цагийн хуваарь: Өглөөнөөс үдшийн бүрэнхий хүртэл
*Картаар үйлчлүүлэх боломжгүй.
Үйлчилгээ: *****

“Мир” номын дэлгүүр

“Мир” сүлжээ нь Улаанбаатарын томоохон үйлчилгээний төвүүдэд байршилтай хэд хэдэн салбартай. Бид шинээр нээгдсэн “Гранд Плаза” цогцолбор дахь салбарыг нь сонирхсон юм. Их аятайхан гадаад сэтгүүлийн булантай, мөн орос номын арвин сонголттой юм билээ. Англи ном ч мэр сэр харагдсан, ихэнх нь suspense/thriller жанрын зохиолууд: Michael Crichton-ы “State of Fear” роман (15 000 төгрөг), г.м. Найз нөхөддөө бэлэг сэлт хайж байгаа бол том, жижиг, янз бүрийн puzzle-аас сонголт хийж болох юм.

Хаяг: Metromall, Скай их дэлгүүр, Ачлал их дэлгүүр, Цэцэг төв, Гранд Плаза
Утас: 99841278, 99170181
Үйлчилгээ: *****

“Эрдэм” номын дэлгүүр

3, 4 дүгээр хороололд бие даасан номын дэлгүүр ховор – ихэвчлэн үйлчилгээний төв, их дэлгүүрийн булан тохойд шигдсэн номын дэлгүүр нэртэй лангуунууд л байдаг. Гэтэл тэнд Улаанбаатарын хүн амын хэдэн хувь нь амьдарч байгаа билээ? “Эрдэм” номын дэлгүүр харьцангуй том ч, гэрэлтүүлэг муутай, дүнсгэр санагдав. Хүүхдийн ном, сурах бичгийн сонголт сайтай, мөн нилээд олон хуучин орос ном байсан нь сонирхол татсан юм. Лев Толстойн “Война и мир” (10 000), Стендалийн “Полное собрание сочинений” гэх мэт аливаа айл өрхийн номын санд зайлшгүй байвал зохих ганц нэг бүтээл нүдэнд туссан шүү.

Хаяг: 3, 4 дүгээр хорооллын Номин их дэлгүүрийн замын эсрэг талд
Утас: 70146779
Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 10:00-21:00; Бямба-Ням гаригт 11:00-21:00

Үйлчилгээ: *****

Librairie Papillon

French Bistrot, Librairie Papillon, Франц хэлний орчуулгын товчоо гээд л МУИС-ийн 4 дүгээр байрны гудамж тэр аяараа Францаар амьсгалдаг болоод удаж байна. French Bistrot-ын эзэн Ги найзуудаа дайлах дуртай найрсаг нөхрийн журмаар зочдоо биечлэн угтаж авдаг бол Эрвээхэй дэлгүүрийн босгыг алхмагц насаараа ном цуглуулсан, номын хэнээтэй ахындаа зочилж буй сэтгэгдэл төрдөг. Шалнаас тааз хүртэлх модон тавиур дээр жирийтэл нь өрж тавьсан номыг нь сонирхвол, 13 дугаар Людовик хааны намтар болон Эмиль Золягийн “Жерминаль” зэрэг Франц номын дэлгүүрт байвал зохих ном зохиолууд, мөн Умберто Экогийн “Foucault’s Pendulum”-ын Франц орчуулга, “Коллективизацийн нууц түүх” нэртэй зузаан гээч нь ном… Франц хэлтэйсэн бол энд өнжиж, тавиуруудыг нь нэг бүрчлэн нэгжвэл ганц нэг нээлт хийж мэдэхээр санагдав. Франц хэл сурахгүй яав даа хэмээн өөрийгөө зүхэж байтал Англи ном зохиолын чамбай цуглуулга нь нүдэнд туслаа. Wordsworth editions хэвлэлийн газрын сонгодог зохиол, яруу найргийн ботиуд нэг хана эзэлжээ. Үргэлжилсэн үгийн зохиолууд нь 9 900 төгрөгийн үнэтэй, харин яруу найргийн түүврүүд нь 14 900 төгрөг. Дэвтэрний хоббитой хүмүүсийг Эрвээхэй дэлгүүрээс хол явахыг зөвлөе. Учир нь тэдний оруулж ирдэг Францын Rhodia бичиг хэргийн барааны цуглуулга хэтэвчийг тань шархлуулж мэднэ. Би ч бас яаж зүгээр байхав, гэрээрээ дүүрэн хоосон дэвтэртэй хирнээ тэсэхгүй дахиад нэгийг авчихлаа.

Хаяг: МУИС-ийн 4 дүгээр байрны эсрэг талд буюу French Bistrot рестораны хажууд
Утас: 317041; вебсайт: www.librairiepapillon.com
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00 – 19:00
Үйлчилгээ: *****

Mike’s English Book Shop

220 мянгатын орон сууцнуудын дундуур дэмий тэнэж явахдаа Mike’s English Book Shop (орчуулбал Mike-ийн Англи номын дэлгүүр) гэсэн хаягтай нилээд нууцлагдмал, жижигхэн дэлгүүрийг нээж билээ. Санасныг бодвол сонголт ихтэй тул Англи ном уншмаар санагдвал Майкын дэлгүүрийг зориход илүүдэхгүй болов уу. Гэхдээ олж чадвал тэр шүү дээ.

Хаяг: Баянгол зочид буудлын урд, 25 дугаар байрны буланд
Утас: 99197011; вебсайт: www.mikesbooks.net
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00 – 19:00, Мягмар гаригт амарна
*Картаар үйлчлүүлэх боломжгүй.
Үйлчилгээ: *****

Тагтаа номын дэлгүүр

Хятад ном зохиолын дэлгүүр (Франц номын дэлгүүрийг Эрвээхэй гэдэг бол Хятад номын дэлгүүрийг Тагтаа гэдэг байна. Бүргэд нэртэй Орос номын дэлгүүр нээвэл амжилт олох байх даа.) Хятад хэлний сурах бичиг, хүүхдийн ном болон Монгол бичгийн ном сайтай. Мөн Хятадын алдартай зохиолчдын ном зохиолын Англи орчуулгууд байдаг. Хятадын зохиолч Зиан Руны хэдэн жилийн өмнө нилээд шуугиан тарьсан “Wolf totem” хэмээх Монгол, Хятад хүмүүсийн сэтгэхүйг харьцуулсан ном Англи хэл дээр олдохгүй байсан юм, тэгтэл энд овоолостой байж байдаг юм байна. Нэг гэм нь, дэлгүүрийн худалдагчдын харьцаа тийм ч тааламжтай бус, юм асуухад сонсоогүй мэт царайлаад зогсож байдаг нь асуудалтай.

Хаяг: Хөгжим Бүжгийн Сургуулийн замын эсрэг талд
Утас: 354281
Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 10:00-19:00; Бямба гаригт 11:00-16:00, Ням гаригт амарна.
Картаар үйлчлүүлэх боломжгүй.
Үйлчилгээ: *****

“Боловсрол” номын дэлгүүр

Боловсрол номын дэлгүүр бол дүрслэх урлаг, архитектур, дизайны чиглэлээр дагнасан цорын ганц дэлгүүр юм. Бусад номын дэлгүүрүүдэд ийм төрлийн ном ховор байдаг тул урлагийн сургуулийн оюутнууд “Боловсрол”-ыг л барааддаг. Оюутнууд их ирдэг болоод ч тэр үү, толь бичиг, сурах бичиг, гарын авлага ихтэй. Ван Гогын уран бүтээлийн альбом, Фрида Калогийн намтар, график дизайны гарын авлага гэх мэт авчихмаар ном бишгүй харагдсан шүү, гэм нь бүгд импортынх болохоор хөөрхөн үнэтэй.

Хаяг: МУИС-ийн 2 дугаар байрны замын эсрэг талд, Үндэсний Архивын Газрын зүүн хаалга
Утас: 99807001
Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 09:30-19:00; Бямба-Ням гаригт 12:00-18:00
Үйлчилгээ: *****



3 сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.