Нүүр » №001, Кино, Тооно

“Inglourious Basterds”: Тарантино авгын түүхийн хичээл

[1 February 2010 | YudaGuN]

Нүд анин сонгосон ном “Эрт урьдын цагт” хэмээн эхэлвэл түүнийг үлгэр болохыг бид үтэр анзаардаг. Эгэл хүү элдэв бэрхшээлийн эцэст ялгуусан баатарт хувилан эр зориг, бяр тэнхээ заан барагдашгүй мангасыг хэмхчин ялж, үзэсгэлэнт гүнжийг аварснаар үлгэр амар сайхандаа жаргана. Баатарлаг үйлс, ер бусын ид шидээр чимэглэгдэх үлгэр нь уншигч авхайг төсөөллийн ертөнцөд хөтөлж, цээжний угт булиглах мөрөөдлийг уран үгсээр цогшоож, алхам бүрийн хальтрааг үнэт сургамжаар анагаана. Энэ бол миний мэдэх “Үлгэр”-ийн тодорхойлолт. Техник, технологи ер нь хөгждөг гэдэг шиг үлгэр өөрийн зорилгыг тэрүүхэндээ нэгэн шинэ зүйл ангиар баяжуулжээ. Хэн мэдэх вэ, үлгэр зохиож өш хонзон авч болдог болохыг. Тэгээд ч сэтгэлгээт хүмүүсийн бодож, сэтгэх нь харж барьснаас ялгаа юутай.

Эрт урьдын цагт Нацистууд Францыг эзэлжээ… Ийнхүү Квентин Тарантиногийн “Адгийн зулбасгууд” сүүдэр ший эхэлснээр дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явдал шууд утгаар үлгэрчилсэн зохиолд төрөл арилжиж, ер бусын хүүрнэлээр өрнөх нь тодорхой болох шиг. Тарантино Буратиногоос дутахгүй урт хамартай болохыг ч юуны өмнө дурдъя. Өөрөөр хэлбэл, Та үлгэрт урамшдаг үгүй, эс ахул түүхийн хичээлийг сүүдэр шийн ертөнцөөс эрэлхийлдэг бол үтэр түрийвч юугаа чанга атган зай барина уу. Дайн өдөөсөн нь Германчууд, тэдгээрийг нацистууд хэмээдэг, улмаар тэд гайхал офицерүүдтэй байсан гэх үнэн баримтаас бусад нь Тарантино авгын тархины багтаамж, хий харалт бөлгөө. Гэвч юуны учир чухам би энэхүү сүүдэр шийд ач холбогдол өгөн, хуудас сараачна вэ. Өө, агуу Ари үндэстэн мину, намайг өршөө, сүүдэр ший нь хувьдаа агуу бүтээл юм.

Сүүдэр ший гээч нь хорвоо ертөнцийн юмс үзэгдлийг дуу, дүрсний холимогоор дурандаж, хальснаа буулган, дэлгэцнээ залан аль чадахаар хүмүүн бидэнд таашаал эдлүүлэхийг хичээдэг. Хичээл зүтгэл нь зөвхөн таашаалаар хязгаарлагдахгүй, угтаан уран халил, сургаал сургамж, ТҮҮХИЙН ХИЧЭЭЛ, зугаа цэнгэл, харамсал бачуурал гээд тоо томшгүй дэд зорилттой. Харамсалтай нь нөхцөл бололцооноос хамаарч, сүүдэр шийг хүмүүн бид зөвхөн харах, сонсох мэдрэхүйгээр тархиндаа хүлээн авдаг. Харин миний бие энэ удаад шунал амталж, өш хонзон үнэрлэж, айдас хүртэж үзлээ.

Пудр нь хөвсийх струдельд цас-цагаан шинэхэн крем түрхэн, гялтганах мөнгөн халбагаар шуналтай хэмжээгээр хаман авч, аман дахь амт-мэдрэхүйн эс бүрийг алдчих вий гэсэн мэт том томоор бувагнаж идэх секундын зураглал хэзээ би хамгийн сүүлд боорцог булочка идлээ хэмээн эргэцүүлэхэд хүргэв. Амттанаас үл буцагч, амьдралын агшин бүрийг эрхэмлэгч уг амтархагч этгээдийг Ланда гэнэ. Магадгүй тэрээр сүүдэр шийн агшин бүрт амт оруулагч давсны эзэн мөн бөлгөө. Тарантиногийн нүдэнд дайсан бол хань, улаантан бол компот гэх олон ургалч үзэл мөнхөд байсан, одоо ч адил. Ландаг үзэн ядах шалтгаан А-гаас эхлээд Я хүртэл байх агаад бас хайрлах учиг Я-гаас ухраад А хүртэл байх шиг. Тарантиногийн бодож олсон дүрүүд бүгд учир шалтгаантай, зорилго бүхий байдгийг хэн бүр мэднэ. Гэвч Ланда шиг сувд эрдэнэ энэхүү сүүдэр шийд үнэхээр алга. Ландагийн дүрээс илүү гайхамшгийг Тарантино дахин бодож олж чадах эсэх нь будлиантай. Оллоо ч, давах нь маргаантай. Мэдэхгүй хэл, чадахгүй даалгавар, ярихгүй сэдэв гэж үгүй Ланда бээр бүхэл бүтэн сүүдэр шийн туршид хүн гээч амьтны тэсэн тэвчих чадварыг элдэв бусаар шалгана. Үнэхээр бахархмаар ч юм шиг, барьж авч балбамаар ч юм шиг Эсмэл тайж мэт сонгодог дайсан, дайсны, Японы дүр. Дайсан бүр ялагдаж, шороо үмхэх тавилантай нь Холливудын алтан дүрэм хийгээд агуу Ландаг даран цээрлүүлэгч МАНАЙ БААТРУУД аль болох харгис байх нь Тарантиногийн алмаазан дүрэм гэлтэй.

Зүсээ хувиргасан Брэд Питт буюу Алдо “Апачи” Рейн гэгч этгээдээр ахлуулсан Америк-жүүд цэргүүд бол манайхан. Тэдний гар чагтлан бат атгагч хутганы ир цусны толбоор зэвэрч, түүний үнэрээс ялаа хүртэл цэрвэнэ. Наци нарыг балмад хэрцгийгээр амлан авч, тамлан хядах нь тэдгээрийн үндсэн зорилго хийгээд түүнийгээ Наци-хядах-бизнес хэмээн нэрийдэх аж. Дэлхийд асгарах цус, хэрцгийлэл, хүчирхийлэл сурталчлагчаар супер танил Тарантино үүгээрээ нэр хүндээ улам өргөсөн үү гэхээс бууруулсангүй. Дэлхийн хоёрдугаар дайнд, бэйсболын цохиур өөрийн зорилго хийгээд объектоо сэтгэлд хоногшхуйцаар сольж байсан удаатай гэнэ. Цохиурт нь битгий хэл тэнэсэн бөмбөгт нь оногдсон этгээд тэр даруй бурхны хаалга тогших авай. Цохиурын савалт, хутганы төхөөрөлт бүр үзэл ядалтын шивтэр ханхлуулж, Ари үндэстнийг айдаст автуулжээ.

Сүүдэр шийний удаах үзэгдэл үзвэрийн танхимд өрнөнө. Мөнөөх танхим үзэгчээр арвин хэдий ч бүрэнхий тээх дэлгэцийн тэр үзэгдэл орчин тойрныг анир үгүй харанхуйгаар өлгийдөж, тал хээрт ганцаар хаягдсан мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Худал авч үнэн мэт санагдах тэр түнэр харанхуй үе үехэн час хийх чимээгээр зүрх зүсч, ар нуруунд хүйт татуулж, хар хөлс хураана. Чөтгөр шүглэсэн тэр газар гэмтнийг гэсгээх, буруутанг цээрлүүлэх заяат лугаа санагднам. Сэхээ авах алдад гэнэт өнгөт дэлгэц хар цагаанд шилжиж, зүүдэнд үзэгддэг шулам аятай хүүхэн үзэн ядалт өшөө хорсол агуулсан харцаар эгц ширтэж, бах ханасан, илт тавласан хүйтэн инээдээр заналтай инээнэ. Маш чангаар. Хитлерийг хүлээн авсан тамын ёроолын мэндчилгээ чухам мөн гэлтэй. Айдас илбэх шиг.

Сүүдэр ший шүүмжлэгч нар Тарантиногийн этгээд зохиол, маяг зураг авалт, ганган дууны ая, чамин хэллэг сэлтийг өндөр үнэлдэг. Тэрээр энэ удаад итгэл эвдсэнгүй, харин ч шинэ үеийг тодорхойлж, сүүдэр шийн ертөнцийг арвижуулав. Санаанд оромгүй зохиол, хүүрнэл, ойр холын тусгалт кадр, загатнасан газар маажих дууны сонголт, алиа хэрнээ агуулгатай хүүрнэл яриа – улам тодотговол Америкчуудын хамраар гунших аялга, Англичуудын маягтай үг зөөлт – гэх мэтчлэн бүхий л зүйл нэгэн сагсанд багтжээ.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.