Нүүр » №001, Багана, Хэтэвч

Мөнгө хэмнэх 9 арга

[3 February 2010 | Ес далан зургаа]

2008 онд Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 8.9 хувиар өссөн бол өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт эрс саарсан тул эерэг үзүүлэлт гарвал их юм болох гэнэ. Эдийн засгийн хямралын үед хэн хүнгүй төсөв мөнгөө бодолцож, тансаглах үедээ тансаглаж, нарийлах үедээ нарийлж сурахгүй бол горьгүй нь…

1. ЯВГАН ЯВ

Хэзээ хамгийн сүүлд хоёр зээрдээрээ харайлгаснаа санаж байна уу? Машин тэрэг олширсон биш хэн хүнгүй муу зан сурч, тав алхах газар машин унах гэдэг болжээ. Явган явах нь мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд ач тустай төдийгүй Улаанбаатарын утааг багасгахад ч ихээхэн ач холбогдолтой юм. Тэгээд ч замын түгжрэл ихтэй үед зорьсон газраа машинтай явснаас илүү хурдан хүрнэ.

2. ЯАРВАЛ ДААРНА

Шинэ гар утас, шинэ гутал, шинэ үйлчилгээ гэх мэт сурталчилгаа сайтай бүхнийг авчихмаар санагддаг. Гэхдээ мөнгө үрэх шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр гаргаж болохгүй. Нэг сар хүлээгээд үз, сарын дараа хүсэмжлээд байсан зүйл чинь төдийлөн ач холбогдолтой санагдахгүй л болов уу.  Бүр болдоггүй юм аа гэхэд сарын дараа үнэ нь хямдарсан байх магадлалтай гэдгийг сана.

3. МУУ ЗУРШЛУУДАА ХАЯ

Бид архи, тамхинд жилд хэдэн төгрөг зарцуулдаг бол? Бодохоос ч аймшигтай юм! Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байлаа гэхэд ₮1 500*30 хоног буюу сард 45 000 төгрөг, жилд 540 000 төгрөг агаарт хийсгэдэг болж таарч байна. Үүн дээр согтууруулах ундааны хэрэглээгээ нэмээд үзвэл бүр ч аймшигтай тоо гарч ирнэ. Архи, тамхины компаниуд хагартлаа баяжаад байдаг, гэтэл бид ядуураад байдаг…

4. ГАРАА УГАА

Гараа тогтмол угаах нь мөнгөнд маш хэмнэлттэй гэнэ. Учир нь бохир гар халдварт өвчний уурхай болдог. Иймд ариун цэвэр сайн сахисан тохиолдолд ханиад томуу тусах магадлал эрс багасдаг байна. Өвчин зовлон хэтэвчний хамгийн том дайсан байдаг тул гараа тогтмол угааж занших хэрэгтэй.

5. ХЯЗГААР ТОГТОО

Өдөрт хэр их мөнгө зарцуулах, гар утсанд хэдийг үрэх, ямар үнэтэй машин авах гэх зэргээр амьдралынхаа алхам бүрт хязгаар тогтоох нь таны санхүүгийн менежментийг огцом сайжруулах увидастай.

6. ТВ-ЭЭС ТАТГАЛЗ

Бид өдөрт хэдэн цагаар зурагт үзэж, сайн дураараа сурталчилгаанд бөмбөгдүүлж суудаг. Өдөржин шөнөжин ТВ-ээр сурталчлаад байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй л бол болохгүй гэж бодож, мөнгө үрэх хэрэг гардаг. ТВ үзэхээ больчихвол чөлөөт цагаа илүү үр бүтээлтэй ажилд зарцуулж, цахилгааны зардлаа ч хэмнэх болно.

7. НОМЫН САН АШИГЛА

Улсын төв номын сангаас гэрээр ном авч болохыг та мэдэх үү? Чөлөөт цагаараа ном сонин уншиж, өөртөө хөрөнгө оруулалт хийснээр мөнгө хэмнээд зогсохгүй ашиг орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой шүү дээ.

8. ГЭРЛЭЭ УНТРАА

Гэрлээ унтраа, цахилгаан хэрэгслүүдээ салга, мөнгөө хэмнэ… дэлхийн дулааралтай тэмц.

9. ЕС ДАЛАН ЗУРГАА

Манай сэтгүүлийг унш!



Нэг сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.