Нүүр » №001, Багана, Эдийн засаг

Монгол сүү юу, Monmilk үү?

[1 February 2010 | Б.Жаргалан]

Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдах болсон энэ үед хүн бүр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар ярьж байна. Үнэндээ бид энэ талаар сүүлийн хорин жилийн туршид ярилаа: өнгөрсөн жилүүдэд л гэхэд цагаан, ногоон хувьсгал, Атрын III-р аян гэх мэт сүржин нэртэй олон арван төсөл хөтөлбөр, өч төчнөөн хууль тогтоомж батлагдсан билээ. Дарга нар жил бүрийг ямар нэгэн зүйлийг дэмжих жил болгон зарлаж тууз хайчилдаг ч, өнөөх дэмжих гээд байгаа зүйл нь төд удалгүй мартагдаж, ирэх жил өөр сэдэв моодонд орсноор дахиад л тууз хайчилцгаадаг уламжлал тогтжээ. Иймд “Ес далан зургаа” сэтгүүл үндэсний үйлдвэрлэлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, уншигч Танд бодитой мэдээлэл хүргэхийг хүсч байна. Нэн түрүүнд сүүний салбарыг онцлон танилцуулъя.

2008 онд меламин хэмээх хорт бодис урд хөршийн зарим нэг сүүн бүтээгдэхүүнээс илэрсэн сургаар хэн хүнгүй айдаст автаж, Монгол сүүгээ ууцгая гэж ярьцгаасан ч тэгсгээд чимээгүй болчихсон. Одоо хэр дэлгүүрийн лангуугаар дүүрэн гадаад бичигтэй сүү, тараг өрөөстэй хэвээр бөгөөд Хятад сүү явцгүй болоод иртэл овжин бизнесменүүд Солонгосоос хүртэл сүү импортлож, өдөр бүр телевизээр сурталчлах болжээ. Сонголт үгүй тул бид аргагүйн эрхэнд түүнийг нь худалдан авч, хаа байсан гадаад фермеруудыг тэжээж байна. Гэтэл малчид маань өдөржин шөнөжин малтайгаа ноцолдож, борви бохис хийлгүй хөдөлмөрлөсний хүчинд хэдэн литр сүүтэй золгодог ч, түүнийгээ гашилгах нь холгүй юм болж, арга ядан хэдэн халтар ааруул болгон далд хийж сууна. Ядахад ааруул цагааг нь хотынхон тоох ч үгүй, импортын чихэр жимсэнд хошуурцгааж, дахиад л гадныхныг тэжээнэ.

Оюу толгой, Таван толгойн орд газрыг ашиглалтад өгчихвөл Монголчууд бүгд саятан болно хэмээн дээр дооргүй мөрөөдөж суугаа энэ үед бид асуудлыг илүү бодитоор хармаар байна. Тийм ээ, Монгол улс асар их байгалийн баялагтай. Тийм ээ, Монголын алт, зэс, нүүрс гадныхны харааг булааж, шуналыг нь оволзуулж байна. Тийм ээ, бидэнд Арабууд шиг хангалуун сайхан амьдрах боломж бий. Гэвч Оюу толгой, Таван толгой гэлтгүй  бид жил бүр 130,000 тонн зэс, 15 тонн алт, 1 сая гаруй тонн нүүрс экспортлодог атлаа Монгол улсын гадаад худалдааны тэнцэл тогтмол хасах гардаг. Учир нь бид алт, зэс, нүүрснийхээ оронд машин тэрэг, гутал хувцас, чихэр жимс, тэр битгий хэл сүү тараг гаднаас зөөсөөр байгаа юм. Өөрсдийн хийж чадах зүйлийг бусдаас худалдаж авахын тулд газар нутгаа сэндчин, бэлчээрээ устган байж алт ухах ёстой гэж үү?

Дээхэн үед

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь

хэмээн дуулдаг байсан бол өдгөө бидний ууж идэж буй цагаан идээнээс сүү үнэртэх нь битгий хэл амтагдахааргүй болжээ. Малын тоо толгойгоороо дэлхийд тэргүүлдэг хэмээн хөөрцөглөдөг ч жил бүр контейнер, контейнерээр нь сүү цагаа гаднаас авч, хүүхдүүдээ харь газрын баталгаа муутай сүүгээр угжина гэдэг дэндүү үрэлгэн, дэндүү арчаагүй явдал гэлтэй. Бид цаашид Монгол сүүгээ уух уу, MonMilk-ыг уусаар байх уу?

ХОТЫНХОН ЖИЛД 87.6 КГ, ХАРИН МАЛЧИД 220.8 КГ СҮҮ ХЭРЭГЛЭДЭГ

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр, 2008 онд Монгол улсад 18.5 сая хээлтэгч мал тоологдсон ба улсын хэмжээнд 457.4 сая литр сүү үйлдвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой нэмэгдэж, сүүний үйлдвэрлэл эрчимжсэний үр дүнд Монголын дундаж иргэнд нэг жилд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 147.6 кг-д хүрсэн боловч энэхүү үзүүлэлт хөдөөд 220.8 кг, хотод 87.6 кг буюу хол зөрүүтэй гарчээ. Хүн жилдээ 138.7 кг сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байдаг бол хотынхон зохистой хэрэглээнийхээ ердөө 60 хувийг хангаж байгаа юм. Профессор Л.Дамдинсүрэн, докторант Х.Баясгалан нарын судалгаанд өгүүлснээр, 20 дугаар зууны эхэн үед дундаж Монгол хүн хоногт ойролцоогоор 3,0 л \жилд 1 095 л\ сүүтэй тэнцэх цагаан идээ хэрэглэж, хоногийн хэрэгцээт уургийнхаа 90 орчим хувийг сүүн бүтээгдэхүүнээс хангадаг байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд олдоц муутай, үнэ өртөг ихтэй, баталгаагүй гэсэн шалтгаанаар Монголчуудын, ялангуяа хотынхны, сүүний хэрэглээ огцом буурсан нь Монгол хүний амьдралын чанар төдий чинээ доройтсоны илрэл юм. Эрс тэс уур амьсгалтай манай улсад хүнд зайлшгүй хэрэгцээтэй кальциар баялаг жимс ногоо төдийлөн ургадаггүй тул кальцийг их хэмжээгээр агуулдаг сүү, цагаан идээ Монгол хүний хувьд кальцийн үндсэн эх үүсвэр байсаар ирсэн. Цагаан идээний хэрэглээ багассаны улмаас хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны өвчлөл нэмэгдэхийн зэрэгцээ кальци, фосфорын дуталтай холбогдон шүд, ясны сийрэгжилт газар авах болсон талаар эмч нар ярьж байна.

Малчдын сүү хот айлдаа ихдэж, харин хотынхон сүүгээр цангах болсон энэ үед сүүний хангамжийн асуудал хурцаар тавигдаж байна. Ихэнх малчид сүүгээ борлуулах боломжгүйн харгайгаар өдөр бүрийн саалиа чадах чинээгээрээ хүнсэндээ хэрэглэж, үлдэгдэл хэсгийг нь аргагүйн эрхэнд гэрийн аргаар боловсруулан ааруул цагаа болгон хадгалдаг. Дэд бүтцийн хүндрэл, нүүдлийн мал аж ахуйн онцлогоос шалтгаалан малчдын сүү, цагаан идээ зах зээлд төдийлөн хүрч чаддаггүй ба энэ нь хотын Монгол, хөдөөний Монголын заагийг ийнхүү улам бүр тодотгож байгаа юм.

СҮҮГЭЭ АВААРАЙ!

Хот суурин газрын оршин суугчдын сүүний хэрэгцээний дийлэнх хувийг сүүний ченжүүдийн гараар дамжин хотын захуудаар зарагддаг задгай сүү хангадаг. Задгай сүүг эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй хэмээн гоочилдог ч, муу хэлэгдэж, ад үзэгддэг сүүний ченжүүд хотынхонд хөдөөний цэвэр сүүг харьцангуй хямд үнээр санал болгож, малчдад цөөн хэдэн төгрөг хүртээдэг “буянтнууд”. Ямар ч байсан тэд зах зээлийн нөхцөлд өөрсдийн үүргээ биелүүлж, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг  холбож байгаа юм.

Ченжүүд сүүгээ ихэвчлэн төв зам дагуу буюу төмөр замтай ойролцоо амьдардаг малчдаас авдаг ба боловсруулалт, ариутгал хийлгүй хотод авчирдаг. Тэд галт тэргээр авчирсан сүү, таргаа вокзалын арын автобусны буудлаас жижиглэнгийн наймаачдад бөөнддөг гэнэ. Шинжилгээнд хамрагдаагүй задгай сүү бруцеллёзтой, эсвэл ямар нэгэн хольцтой \ус, сода, гурил, г.м.\ байх магадлалтай төдийгүй орчны бохирдол, ариутгаагүй сав суулгын улмаас элдэв нян үржиж, сүүний чанарт нөлөөлдөг байна. Гэсэн хэдий ч хуурай сүү амтагдсан зарим нэг савлагаатай сүүнээс 2-3 дахин хямд байдаг тул хотынхон ядаж зундаа “ориг” сүү уухыг бодно.

Задгай сүү эрэлттэй байх нь аргагүй юм. Учир нь 2008 онд Монголын бүх томоохон сүүний үйлдвэрүүд нийлээд ердөө 13 сая литр сүү боловсруулжээ. Энэ нь жилдээ 90 орчим сая литр сүү хэрэглэдэг УБ хотын нийт хэрэгцээний 15 хувьтай тэнцэж байна. 1990 онд улсын хэмжээнд 65 сая литр сүү үйлдвэрийн аргаар боловсруулж байсан гэж бодвол одооны үзүүлэлт тухайн үеийн үйлдвэрлэлийн хэмжээний 20 хувьд ч хүрэхгүй байгаа юм. 2001 онд манай улс нийтдээ 1.2 сая литр сүү үйлдвэрлэсэнтэй харьцуулахад байдал ул ялиг сайжирсан ч, жилийн саамынхаа ердөө 3 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Улаанбаатар хотын иргэдийн одоогийн хэрэгцээг чанартай, баталгаатай дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн дүүрэн хангахын тулд үйлдвэрлэлийн хэмжээг дор хаяж 7 дахин нэмэгдүүлэх шаардлагатай.

Нэгэнт дотоодын үйлдвэрүүд хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тохиолдолд зах зээлийн жам ёсоор манай улс ОХУ, БНХАУ, Шинэ Зеланд зэрэг улс орнуудаас жил бүр 50 сая литр сүүтэй тэнцэхүйц хуурай сүү болон сүүн бүтээгдэхүүн импортлож байна. Бид эдгээр орнуудаас газар нутгийн хэмжээ, малынхаа тоо толгойгоор дутахгүй ч, импортын савласан сүү хотод битгий хэл, аймаг, сумын төвүүдэд хүртэл худалдаалагддаг нь хачирхалтай. Шингэн сүү, хуурай сүүнээс гадна цөцгий, өтгөрүүлсэн сүү, йогурт, цөцгийн тос, аарц, бяслаг зэрэг арав гаруй нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн  импортоор нийлүүлэгдэжбайна.

ЛОББИТОЙ “ШАР СҮҮ”

“Хурд хүнс” ХХК хэмээх компани сүүлийн арав гаруй жилийн туршид “шар сүү” хэмээгддэг АРТА сүүг ОХУ-аас импортоор нийлүүлж байгаа юм. 2008 оны сонгуулиар Увс аймгаас УИХ-д сонгогдсон Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн уг компани 2001 оноос хойш 10 гаруй тэрбум ам.долларын өртөг бүхий 18 сая литр сүү оруулж иржээ. Чойжилсүрэн гишүүн “шар сүү”-г үйлдвэрлэдэг Красноярскийн “Арта” компанийн хувьцааг эзэмшдэг гэх бөгөөд өдгөө “Хүрд хүнс” компани нь Монголын импортын сүүний зах зээлийн 60 хувийг барьж байна. Саяхан УИХ-аар импортын сүүнд гаалийн татвар ногдуулах асуудлыг авч хэлэлцэхэд тэрбээр гишүүдээс татвар ногдуулахгүй байхыг аминчлан гуйж, амжилттай лоббидсоны үр дүнд сүүгээ татваргүй оруулж ирсээр байгаа юм.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД: ЭХ ОРНЫ СҮҮ ЮУ ИМПОРТЫН ХУУРАЙ СҮҮ ЮУ?

Монголын сүүний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй ярилцах явцад сүү маш эмзэг бүтээгдэхүүн учраас сүүний үйлдвэрлэл маш их хурд шаарддаг, эрсдэл ихтэй салбар гэдгийг онцолж байсан юм. Учир нь малчдаас түүхий эдээ татан төвлөрүүлэхэд хөргөлт, тээвэрлэлтийн асуудал хурцаар тавигддаг гэнэ. Хадгалалтын горимыг алдагдуулахгүйн тулд саалийн сүүг нэн даруй 0-4 хэм хүртэл хөргөх шаардлагатай байдаг нь нүүдлийн мал аж ахуй давамгайлсан манай улсын хувьд ихээхэн бэрхшээл учруулдаг аж. Уул нь шинэхэн саалиа технологийн дагуу хөргөж чадвал сүүг зориулалтын нөхцөлд 48-72 цаг хадгалж, тээвэрлэх боломжтой болдог байна. Бэлчээрээ даган нүүдэллэдэг малчид маань хөргөлтийн танк, цахилгаан саалтуур гэх зэрэг зориулалтын тоног төхөөрөмж ашиглах боломжгүй байдаг ба наад зах нь цахилгааны эх үүсвэрийн асуудал сөхөгддөг байна. Иймд өнөөдрийн байдлаар саамаа хөргөлгүйгээр 8 цагийн дотор хүлээн авах цэгт хүргэх боломжтой хот суурин газарт ойр амьдардаг малчид л сүүгээ үйлдвэрүүдэд тушааж байна.

ГАШИЛДАГ БОЛ АМЬД

Зарим хүмүүс тасалгааны температурт олон сарын туршид хадгалж болдог UHT технологиор ариутган савласан сүүг ердийн сүүнээс илүү чанартай хэмээн буруугаар ойлгодог. Сүүг маш өндөр температурт ариутгах явцад сүүний найрлагад багтдаг бүх бактери, бичил биет устдаг. Тэдний дунд хүний биед ашиг тустай бактериуд ч байдаг гэнэ. Эдгээр бактери, бичил биет нь ердийн нөхцөлд эсэж, сүүг гашилгадаг аж. Мөн сүүг ариутгах явцад B9, B12, C амин дэмийн агуулга багасч, амт нь өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл, шинэ сүү хурдан гашилдаг ч, хүний биед ач тустай, “амьд” бүтээгдэхүүн юм.

Малчдаас сүү цуглуулах асуудлыг оновчтой шийдэж чадаагүйн улмаас ихэнх сүүний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос шалтгаалан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Тухайлбал, Монголын хамгийн том сүүний үйлдвэр болох “Сүү” ХК хоногт 150,000 литр буюу жилдээ 50 гаруй сая литр сүү боловсруулах хүчин чадалтай ч, 2008 онд ердөө 10 гаруй сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Сүүний хангамж улирлын чанартай байдаг нь байдлыг улам бүр даамжруулдаг гэнэ. “Сүү” ХК дэргэдээ хуурай сүүний цехтэй агаад зуны улиралд түүхий эд нөөцөлж, хуурай сүү болгон хадгалдаг гэх боловч үйлдвэрийн хэрэгцээгээ тэр бүр хангаж чаддаггүй бололтой. Учир нь 2008 онд тус компани 211 тонн хуурай сүү импортоор оруулж ирснээс 170 тонн нь БНХАУ-аас гаралтай байжээ. Нэг кг хуурай сүүнээс 9-11 литр шингэн сүү гардаг хэмээн тооцвол 211 тонн хуурай сүү ойролцоогоор 2.1 сая литр шингэн сүү болох учиртай. Өөрөөр хэлбэл, “Сүү” ХК-ий 2008 онд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний 20 орчим хувь нь импортын хуурай сүү агуулсан гэж ойлгож болохоор байна. Гэтэл хэрэглэгчид Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Сүү” ХК-ийг Монгол үнээний сүү ашигладаг гэдэгт итгэж, бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг.

2008 оны 10-р сард Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас сүүний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Нийслэлийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нийт 34 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас “Жонон сүү” ХХК, “ЭБШ” ХХК, “Дэлгэртэс” ХХК, “Вийр барш” ХХК, “ГУМ” ХХК, “Дабль Эрдэнэ” ХХК-ийн сүүний үйлдвэрүүд, “Сүүн сондор” ХХК-ийн сүү, тарагны үйлдвэрүүд буюу нийт сүү үйлдвэрлэгчдийн 40 орчим хувь нь л тогтмол эх орны шингэн сүү ашигладаг нь уг шалгалтаар тогтоогджээ. Харамсалтай нь эдгээр үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ сайтар сурталчилж чаддаггүй, мөн бусад сүү үйлдвэрлэгч, импортлогч компаниудын зар сурталчилгаа хэрэглэгчдийг төөрөлдүүлэх аястай байдаг нь зөв сонголт хийхэд бэрхшээл учруулдаг юм. Өөрөөр хэлбэл, бидний худалдан авч буй бүтээгдэхүүн шинэ сүү юу, аль эсвэл сэргээгдсэн хуурай сүү юу гэдгийг мэдэх боломж бараг байхгүй гэж хэлж болно. Энэ асуудалтай тэмцэх зорилгоор 2009 ОХУ-ын парламент, улсынхаа нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй хуурай сүүний орцтой сүүний савлагаан дээр “Молоко” буюу “Сүү” гэж бичихийг хориглож, түүний оронд “Молочный напиток” буюу “Сүүн ундаа” гэсэн тэмдэг тавихыг шаардсан хууль гаргажээ. Манай улсын хувьд, хэдэн жилийн өмнө ХХААХҮЯ-ны дэргэдэх “Сүү” төслийн санаачлагаар эх орны сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд ялгаруулах зорилгоор “Эх орны сүү, эрүүл хүнс – Амьдралын баталгаа” гэсэн бичигтэй үхрийн толгой бүхий логог санаачилж, түүнийг ашиглах эрхийг дотоодын түүхий эдэд тулгуурлан чанартай үйлдвэрлэл явуулдаг цөөн хэдэн компанид олгожээ. Харамсалтай нь энэхүү санаачлага хүмүүсийн анхаарлыг төдийлөн татаж чадаагүй бөгөөд өдгөө замхрах тийшээ хандаад байна.

2000 оноос эхлэн импортын хуурай сүүг сэргээх зарчмаар үйлдвэрлэл явуулдаг хэд хэдэн томоохон сүүний үйлдвэр байгуулагдсан. Эдгээрийн нэг болох “Монфреш сүү” ХХК нь хуурай сүү импортлож, UHT буюу 140 хэмийн өндөр температурт сүүг ариутган боловсруулах технологийн тусламжтайгаар үйлдвэрлэл явуулдаг. Тус үйлдвэр 15 тонны хүчин чадалтай шингэн сүү хүлээн авах цехтэй бөгөөд сэргээгдсэн сүүг шингэн сүүтэй хольж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж буй талаар удирдлагууд нь ярьж байлаа. “Монфреш сүү” ХХК-ий захирал Б.Алтангэрэл, “Монгол үнээний сүүг UHT технологиор боловсруулахад тодорхой хэмжээний тунадас ялгардаг тул дотоодын шингэн сүүг үйлдвэрлэлдээ ашиглахад бэрхшээлтэй байдаг” гэж байсан юм. “Эх орны өег нүнжиг, тослогтой өтгөн сайхан сүү” хэмээн бүтээгдэхүүнээ сурталчилдаг “АПУ” ХК-ий дэргэдэх сүүний үйлдвэр мөн импортын хуурай сүүг сэргээх зарчмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэд “Монфреш” -ийн нэгэн адил UHT технологийг ашигладаг бөгөөд энэ жилээс сүүний үйлдвэрээ түүхий эдээр хангах зорилгоор 1,000 үнээний ферм байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Дотоодын үйлдвэрүүд хямд үнэтэй задгай сүүтэй өрсөлдөхийн зэрэгцээ сав баглаа боодол, зар сурталчилгаа, урамшууллаар хэрэглэгчдийг татдаг импортын сүүтэй өрсөлдөх болдог. Дээрээс нь тэд хоорондоо өрсөлдөж, нэг нэгнээсээ ялгарахын тулд сурталчилгаанд их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай байдаг гэнэ. Малчдаас түүхий эд татан төвлөрүүлэх нь эргэлтийн хөрөнгө, нарийн зохион байгуулалт шаарддаг төдийгүй эрсдэл дагуулдаг тул импортын хуурай сүүг үйлдвэрлэлд ашиглах нь элбэг болж байна. Өдөрт хэдэн тонн сүү цуглуулах гэж талаар нэг тарсан малчидтай нэг бүрчлэн уулзаж, зам гэж там болсон газраар сүүгээ тээвэрлэх гэж махаа идсэний эцэст сүүнийхээ талыг нь гашиглаж байхын оронд урд хөршөөс хямд үнэтэй хуурай сүү бөөндөж, түүнийгээ найруулж суух нь амар болжээ. Сүүний үйлдвэрийнхэнтэй ярилцах явцад сүүний чиглэлийн үнээтэй төвлөрсөн фермуудыг олноор нь байгуулах замаар сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж байсан юм.

БЭЛЧЭЭР ҮҮ, ФЕРМ УУ?

Суурин мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг хөдөө аж ахуйн салбарынхан олон жил ярьсныг бид мэднэ. Гэсэн хэдий ч нүүдэлчин Монголчуудын олон зуун жилийн туршид бий болгосон амьдралын хэв маяг нүүдлийн мал аж ахуйтай нягт холбоотой гэдгийг санахад илүүдэхгүй. Фермерууд олшрох тусам малчдын бүтээгдэхүүн зах зээлээс шахагдаж, улмаар Монголын нэрийн хуудас болсон нүүдэлчин ахуй улаан номонд орох вий. Монголын томоохон үйлдвэрүүд гадаад үйлдрийн сүүний гарц сайтай үнээний ферм байгуулж, хотын сүүний хэрэглээг хямд үнэтэй боловсруулсан сүүгээр зуун хувь хангадаг боллоо гэж бодоход малчдын сүү сааль зах зээлгүй болно. Нэгэнт Монголчуудын тал хувь ямар нэгэн байдлаар мал аж ахуйгаас хараат амьдарч байгаа тохиолдолд малчдын ашиг сонирхлын бодолцох шаардлагатай төдийгүй бэлчээрийн мал аж ахуйг орчин үеийн технологийн шаардлагатай нийцүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй санагдана.

Иймд үйлдвэрлэгчдийн сонирхол, малчдын хэрэгцээг уялдуулах асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэвэл зохино. Үйлдвэржилтийг дэмжих жилд зориулагдсан төр засгийн бодлого ч мөн үүнд анхаарлаа хандуулж, малчид, үйлдвэрлэгчдийг холбоход чиглэгдэх ёстой мэт. Ялангуяа цэвэр байгалийн гаралтай органик хүнс ихээхэн эрэлт хэрэгцээтэй болж буй энэ үед бэлчээрийн мал аж ахуйдаа тулгуурласан үйлдвэрлэл явуулж, Монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд таниулж чадвал сайнсан. Өнөө үед нүүдлийн мал аж ахуй зөвхөн Монголд сонгомол утгаараа хадгалагдан үлдсэн бөгөөд энэ нь бидний хувьд хамгийн хүчтэй маркетингийн зэвсэг байж болох юм. Гадаад улс орнуудын жишгээр том, том ферм байгуулах нь хөрөнгө мөнгө их шаардахаас гадна тогтмол зардал өндөртэй байдаг: тэжээл, саравч, саалтуур гэх зэргээр зардал нь талийж өгнө. Иймд бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг ашиглан өөрсдийн нөхцөл байдалд тохирсон өртөг багатай үйлдвэрлэл явуулж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад руу эскпортлох зорилго тавин ажиллах хэрэгтэй байна.

Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас суралцахад, ихэнх улс орнууд мал аж ахуйн салбартаа их, бага хэмжээний татаас олгож, зах зээлийн эрсдлээс хамгаалсаар иржээ. Энэ онд л гэхэд Европын Холбоо болон АНУ хуурай сүү, цөцгийн тос, бяслаг зэрэг бүтээгдэхүүндээ экспортын татаас олгохоор шийдвэрлэсэн байна. Европын Холбооны хувьд, экспортод гарч буй нэг тонн хуурай сүү тутамд 200 хүртэлх евро олгохын зэрэгцээ Засгийн Газар нь үйлдвэрүүдээс 109,000 тонн хуурай сүү, 30,000 тонн цөцгийн тосыг шууд худалдан авах гэнэ. Дэлхийн Худалдааны Байгууллага эдгээр алхмыг шүүмжилж буй боловч улс орнууд цаг ямагт ийнхүү өөрсдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр ирсэн билээ. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлээд буй энэ үед иймэрхүү протекционист бодлого газар авч магадгүй байгаа талаар эдийн засагчид ч мөн ярьж байна. Төд удалгүй манай дэлгүүрүүдэд Орос, Хятад сүүний хажуугаар Герман, Америк сүү өрөөстэй байдаг болох вий. Иймд бид ч мөн адил дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулж, өөрсдийн зах зээлийг хамгаалах хэрэгтэй байна.

Дотоодын үйлдвэрлэгч малчдаас сүү авсан тохиолдолд түүхий эдийн үнийн дүнд НӨАТ багтсан хэмээн үзэж, түүнийг нь үйлдвэрлэгчийн төлөөх НӨАТ-аас хасч тооцоохоор болсон нь сүүний салбарынхны эдэлж буй цорын ганц хөнгөлөлт. Тус салбарыг дэмжихэд чиглэсэн өөр дорвитой алхам хийгдээгүй гэж хэлж болно. 2006 онд Монгол улсын Засгийн газар дотоодын сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Сүү” үндэсний хөтөлбөрийг баталсан боловч төсөв мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар тэгсгээд чимээгүй болсон. Мөн 2004 оноос Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар том хотуудын сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” төслийг Япон улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын туслалцаатайгаар хэрэгжүүлэх болжээ. Уг төсөл нь үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх, малчдад мэдээлэл түгээхийн зэрэгцээ эх орны сүүг сурталчлахад чиглэсэн олон ажил санаачилсан юм. Хэдхэн сарын өмнө гэхэд тус төслийн хүрээнд хоногт 300 литр сүү боловсруулах хүчин чадалтай “Налайх сүү” үйлдвэр байгуулагджээ. Энэхүү үйлдвэрт төслийн санхүүжилтээр 5.7 сая төгрөгийн өртөг бүхий бага оврын сүү савлах, ариутгах, хөргөх иж бүрдлийг суурьлуулсан байна. Үр дүнд нь 5-10 малчин өрх үйлдвэрт сүү нийлүүлэх замаар орлогын эх үүсвэртэй болж, 4-7 хүний ажлын байр шинээр бий болжээ. Харамсалтай нь, “Сүү” төслийн үйл ажиллагааны цар хүрээ улсын хэмжээнд бодлого тодорхойлоход тэр бүр нөлөөлж чадахааргүй байгаа юм.

Сүүний салбарыг эрчимжүүлэхийн тулд малчид, үйлдвэрлэгч нарын харилцааг зохистой байдлаар зохион байгуулах, мөн сүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, хоршоодыг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй санагдана. Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлж найр тавьдаг ч, дотоодын хөрөнгө оруулагчдаа тэр бүр дэмждэггүй нь үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг гэдэг. Сүү, сүүн бүтээгдэхүүний салбар нь 100 гаруй тэрбум төгрөгийн эргэлттэй, эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг салбар тул зөв бодлого баримталж чадваас мянга мянган хүмүүсийг ажлын байртай болгож, хүн амаа эрүүл хүнсээр хангах боломж нээгдэх юм.

ШИНЭ ЗЕЛАНДЫН ТУРШЛАГА

Шинэ Зеланд, Монгол хоёрт ижил төстэй тал олон бий: хоёул харьцангуй хүн ам багатай, мөн эдийн засагт нь хөдөө аж ахуйн салбар голлох үүрэг гүйцэтгэдэг, г.м. Гэхдээ манайхыг бодвол Шинэ Зеланд мал аж ахуйгаа маш зөв хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнээсээ багагүй ашиг орлого олдог буюу жилдээ 14 тэрбум литр сүү үйлдвэрлэж, нийт экспортынхоо 20 хувь буюу 4.2 тэрбум ам.доллартай тэнцэхүйц сүү, цагаан идээ экспортлодог байна. Малын тоо толгойн хувьд Шинэ Зеланд Монголоос ердөө 4 дахин олон буюу 3.8 сая үнээтэй хирнээ сүүний гарцын хувьд 26 дахин илүү бүтээмжтэй байдаг.

Шинэ Зеландын цаг үүрийн тааламжтай нөхцөл байдал бэлчээрийн мал аж ахуйд тохиромжтой байдаг тул мал сүрэг нь жилийн дөрвөн улиралд бэлчээрлэж, тарга тэвээрэг авдаг байна. Энэ нь фермийн аж ахуйтай харьцуулахад харьцангуй хямд өртөгтэй тусдаг учраас Шинэ Зеланд дэлхийн зах зээлд хямд үнэтэй сүүн бүтээгдэхүүн нийлүүлж, бусад улс орнуудтай чанар, үнийн хувьд өрсөлдөж чаддаг. Малчид нь өвлийн гурван сараас бусад улиралд саам авдаг. Дундаж сүүний ферм нь 271 үнээтэй.

Шинэ Зеланд 19-р зуунаас эхлэн сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох болсон гэдэг. Тус улсын сүүний салбарын хөгжил малчдын хоршоодтой нягт холбоотой.1920 онд гэхэд Шинэ Зеландад 400 гаруй сүүний хоршоо үйл ажиллагаа явуулж байжээ. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нэгдсэн журмаар нийлүүлэх, мөн өөрийн гэсэн брэндийг бий болгох зорилгоор 1923 онд Шинэ Зеландын Засгийн Газар сүүний хоршоодыг нэгтгэн Шинэ Зеландын Сүүний Зөвлөлийг байгуулж байсан түүхтэй. Энэхүү байгууллага нь 2001 оныг хүртэл Шинэ Зеландын сүүн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх монополь эрх эдэлж байсан төдийгүй салбарын хэмжээнд сав баглаа боодол, тээвэрлэлт, хадгалалт, чанарын шалгалт, сурталчилгаа зэргийг хариуцан ажиллаж байжээ. Түүнчлэн, судалгаа шинжилгээ болон малын үйлдрийг сайжруулах асуудалд анхаарч, суурин төлөөлөгчийн газруудаараа дамжуулан Шинэ Зеландаар овоглосон цагаан идээг дэлхий даяар сурталчилж, худалдаалдаг байж.

Сүүний Зөвлөлийг малчдын хоршоод хамтран эзэмшдэг байсан ба хоршоо тус бүрийн эзэмших хувьцааны хэмжээ зөвлөлд нийлүүлдэг бүтээгдэхүүнийх нь хэмжээгээр тодорхойлогдох дүрэмтэй байв. 2001 онд Шинэ Зеландын Засгийн Газар Сүүний Зөвлөлийг татан буулгаж, монополь эрхийг нь түтгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ үед тухайн үеийн хамгийн том хоёр сүүний хоршоо нэгдэж, Фонтерра группыг үүсгэн байгуулжээ. Сүүний Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн Фонтерра группт харьяалагдах болсноор  Фонтерра Шинэ Зеландын сүүний салбарт ноёрхож эхэлсэн юм. Өдгөө Фонтерра Шинэ Зеландын сүүний үйлдвэрлэлийн 95 хувийг атгаж, дэлхийн сүүний зах зээл дээр бат бөх байр суурь эзэлжээ. Тэд өнөөг хүртэл хоршооны бүтцээ хадгалж чадсан ба 11,000 гишүүнээ нэгтгэсэн үйл ажиллагаа явуулдаг. Гишүүд нь Фонтеррад сүүгээ тушааж, ашгаас нь хүртдэг. Хоршоонд тушаасан нэг кг хуурай сүүтэй тэнцэх шингэн сүү Фонтеррагийн нэг хувьцаатай тэнцдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, Фонтерра хувьцаа эзэмшигч гишүүдээсээ сүүг нь худалдан авахын зэрэгцээ жил бүр ноогдол ашиг олгож, тайлангаа тавьдаг юм. Ийнхүү Шинэ Зеландын фермерууд малын хишгээ жинхэнэ утгаар нь хүртэж, улсынхаа хамгийн том компанид хувьцаа эзэмших болсон юм.



7 сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.