Нүүр » №001, Багана, Тоо

Монголын чансаа

[1 February 2010 | Б.Тэнгис]

Монголчууд бид нэг нэгэндээ цаасан малгай өмсгөх дуртай хүмүүс – ямар сайндаа жил бүр оны шилдэг улс төрчөөс авахуулаад оны шилдэг цэвэрлэгчийг хүртэл шалгаруулж байх вэ. Өөрсдийгөө хий хөөргөх ч яах вэ, дэлхий дахинтай өрсөлдөх чадвартай болох нь чухал шүү дээ. Тэгвэл бид чухам хаахна явна вэ?

• 106/143 – ЖАРГАЛТАЙ ДЭЛХИЙ ИНДЕКС (Happy Planet Index)
Байгаль орчинд хор хөнөөл багатайгаар амжилттай хөгжиж буй улс орнуудыг шалгаруулах зорилготой энэхүү судалгааг 2006 онд “Шинэ Эдийн Засгийн Сан” гаргаж эхэлсэн юм. 2009 оны жагсаалтыг Коста Рика тэргүүлж, адагт нь Африкийн Зимбабве улс бичигджээ. Манай улс 2006 онд 56-р байранд орж байсан бол 2009 онд огцом доошилж, 106-р байранд орсон байна. Олон жилийн туршид яригдсан уул уурхайн томоохон төслүүд ашиглалтад орж, байгаль орчны асуудал хурцаар тавигдаж эхлэхэд Монголын чансаа улам бүр доошлох нь гарцаагүй. Стратегийн орд газрыг тойрсон маргаан зөвхөн хөрөнгө мөнгөний асуудлыг чухалчилдаг өрөөсгөл тогтолцоог эргэн харж, байгаль орчинд ээлтэй хөгжлийн зам сонгох цаг иржээ.

• 93/134 – ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТАЙЛАН (The Global Information Technology Report)
Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжил нь тухайн улс орны олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг тодорхойлох тулгуур хүчин зүйл юм. Уг тайлан дэлхий дахины мэдээллийн технологийн хөгжлийг харьцуулж, өрсөлдөх чадварыг нь тодорхойлдог. 2008-2009 онд Дани улс жагсаалтыг тэргүүлсэн бол Чад хамгийн муу үзүүлэлттэй улсаар тодорчээ. Дундаж айл өрх нь орлогынхоо 30 хувийг гар утасны төлбөрт зарцуулдаг гэгддэг манай улсын хувьд 134 орноос 93-т орно гэдэг чамлалттай биш гэж үү?

• 60/183 – БИЗНЕС ХИЙХ НЬ (The Doing Business Project)
Дэлхийн Банкны энэхүү төсөл улс орнуудын эрхзүйн төлөвшил, татварын тогтолцоо болон бизнес хийхтэй холбоотой бусад хүчин зүйлийг судалдаг. Монгол Улс жагсаалтад тэргүүлсэн Сингапуртай харьцуулбал хүнд суртал ихтэй ч, жагсаалтын адагт бичигдсэн Төв Африкийн Бүгд Найрамдах улсын хажууд бизнес хийхэд хачин таатай газар ажээ. Бүх зүйл харьцангуй гэдэг юутай үнэн үг вэ?

• 127/177 – ДАМПУУРСАН УЛС ОРНУУДЫН ИНДЕКС (Failed States Index)
Ямар улсыг дампуурсан улс гэх вэ? Энхтайвны төлөөх сангийн судлаачдын тодорхойлолтоор, засгийн газар нь эрх мэдэлгүй болж, хараа хяналтаа алдсан, төрийн байгууллагууд нь хээл хахуульд баригдаж, гэмт хэрэг газар авсан, эдийн засаг нь уналтад орж, баян хоосны ялгаа хэрээс хэтэрсэн, иргэд нь дүрвэх болсон улсыг дампуурсан улс хэмээх ажээ. Бусад жагсаалтад дээгүүр байр эзлэх нь чухал байсан бол энэ жагсаалтын хувьд бүх зүйл эсрэгээрээ. 2009 онд Сомали хамгийн дампуу улсаар тодорсон байна.

• 120/180 – АВЛИГЫН ИНДЕКС (Corruption Perceptions Index)
“Транспэрэнси Интернэшнл” ТББ-ын Авлигын Индекс нь төрийн албан хаагчдын дунд авлига хэр газар авсныг олон нийтийн санал асуулгын дүнгээр баримжаалдаг. Тэд авлигыг төрийн албаны эрх мэдлийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглах явдал гэж тодорхойлдог байна. 2009 онд Шинэ Зеланд хамгийн цэвэр улсаар шалгарсан бол Сомали хамгийн авлигатай улсаар тодорчээ. Монгол шиг авлигад баригдсан газар хаана байна гэж ярьдаг атал бидний ард бүхэл бүтэн 60 улс шил дарааллаад зогсож байхыг хараад дотор уужрах шиг. Гэхдээ авлигатай холбоотой тоо баримтад итгэхэд бэрх. Яг л доорх онигоо шиг:
– Оросын Холбооны Улс хамгийн их авлигатай улс орнуудын жагсаалтад хоёрт бичигджээ.
– Яагаад тэр вэ?
– Нэгдүгээр байранд орохгүйн тулд авлига өгсөн гэнэ.

• 58/167 – АРДЧИЛЛЫН ИНДЕКС (Democracy Index)
Их Британий нэр хүнд бүхий The Economist сэтгүүлийн “Ардчиллын индекс” тайлан дэлхийн улс орнуудын улс төрийн тогтолцоог дараах үзүүлэлтээр дүгнэдэг: сонгуулийн үйл явц ба олон ургальч үзэл, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл болон хүний эрх, эрх чөлөө. 2008 онд дэлхийн хамгийн ардчилсан улсаар Швед улс тодорч, БНАСАУ жагсаалтын эцэст бичигдсэн бол Монгол Улс “учир дутагдалтай ардчилал” гэсэн ангилалд багтжээ. Манай улс “улс төрийн оролцоо” гэдэг хэсэгт боломжит 10 онооноос ердөө 3.89 оноо авсан нь сонирхол татаж байгаа юм. Дорж, Дулмаа хоёр намын харьяаллаасаа болж салж нийлэхэд хүрдэг манайх шиг нийгэм улс төрийн оролцоо багатайд тооцогдож байвал бол улс төрийн оролцоо сайтай гэгддэг улс орнуудад чухам юу болдог байна аа?

• 117/133 – ОЛОН УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН (The Global Competitiveness Report)
“Дэлхийн Эдийн Засгийн Чуулган”-ы судлаачид дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо тухайн улсын нийгмийн бүтэц, төрийн бодлого, дэд бүтцийн хөгжил, макро-эдийн засгийн тогтвортой байдал, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, хувийн хэвшлийн хөгжил болон эдийн засгийн багтаамж зэрэг хүчин зүйлсийг судлахын зэрэгцээ эдгээр үзүүлэлтүүд нь эдийн засгийн бүтээмжид нь хэрхэн яаж нөлөөлдгийг тооцоолдог байна. Өрсөлдөх чадвар сайтай, өндөр бүтээмжтэй улс орнууд хурдан хөгжихийн зэрэгцээ нөөц баялгаа зөв зохистойгоор ашиглах чадвартай байдаг гэнэ. Сонирхуулахад, 2008 онд Монгол Улсад өрсөлдөх чадварын талаар лекц уншиж байсан Харвардын Их Сургуулийн профессор Майкл Портер уг төслийн захирал нь юм байна. 2009-2010 онд Швейцарь улс өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Бурунди улс сүүл мушгижээ.

• 86/195 – ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ (Freedom of the Press)
Өрнөдийн нэг сая хүнтэй хот дунджаар 1-2 өдөр тутмын сонинтой байдаг бол Улаанбаатар хот 10 гаруй өдөр тутмын сонин, олон арван сэтгүүл, 20 гаруй ТВ-ийн сувагтай. Сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн салбар маш эрчимтэйгээр өргөжин тэлж байгаа боловч сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжүүр, дарамт шахалтын асуудал хурцаар тавигдсаар байна. Тийм ч учраас манай улс “Freedom House”-ын 2008 онд гаргасан Хэвлэлийн Эрх Чөлөөний тайланд 86-р байр эзэлж, хагас эрх чөлөөтэй орнуудын тоонд багтжээ. Тус судалгаанд өгүүлснээр, Монголын сэтгүүлчид улс төрийн дарамт шахалт ихтэй орчинд ажилладаг ба төлбөртэйгээр баримтгүй мэдээлэл нийтлэх, хүмүүсийн нэр төрд халдаж, худалдагдах явдал газар авсан гэнэ. Хэвлэлийн эрх чөлөөний индексийн нэгдүгээр байранд Исланди, сүүлийн байранд БНАСАУ оржээ.

• 89/144 – ЭНХТАЙВНЫ ИНДЕКС (Peace Index)
Улс төрийн тогтворгүй байдал, хүн амины хэрэг, гэмт хэргээр яллагдагсдын тоо, зохион байгуулалттай гэмт хэрэг, батлан хамгаалахын төсөв, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дайнд амь үрэгдэгсдийн тоо, гадаад харилцаа зэрэг олон арван хүчин зүйлийг авч үздэг Энхтайвны Индексийг “Хүн Төрөлхтний Зөн” ТББ эрхлэн гаргадаг. 2009 онд дэлхийн хамгийн тайван улсаар Шинэ Зеланд шалгарч, Ирак хамгийн аюултайд тооцогджээ. Харин манай улс Македон, Бангладешийн дунд тууж явна. Монгол тийм аюултай газар гэж үү?

• 171/203FIFA/COCA-COLA WORLD RANKING, FIFA
Хөлбөмбөгийн тэмцээнтэй өдрүүдэд Улаанбаатарын баар сав пиг дүүрч, энд тэндгүй шар айраг гүзээлэнгээ дэлгэц ширтэх залуус сууцгаадаг. Хөлбөмбөг сонирхогчид олширсон ч, тоглогчид маань төдийлөн сайжирдаггүй нь харамсалтай. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд 203 улс бүртгэлтэй байдгаас манай улс чансаагаараа 171-р байранд бичигджээ. Хаа байсан Непал хүртэл манайхаас чансаа өндөртэй байна гэдэг юу гэсэн үг вэ? Бид үнэхээр багийн тоглолт хийж чаддаггүй гэж үү?

• 115/182 – ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТАЙЛАН (Human Development Report)
Манай улсын нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрсэн цагт Монгол улс Азийн бар улс болж, улмаар хамаг асуудал хар аяндаа шийдэгдэж, амар сайхандаа жаргана гэж боддог. Гэвч дан ганц эдийн засгийн үзүүлэлтэд анхаарлаа хандуулсаар байвал хүн амын эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар зэрэг хүний амьдрал ахуйтай холбоотой амин чухал зүйлс орхигдох аюултай. Тийм ч учраас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хүний хөгжилтэй холбоотой үзүүлэлтэд тулгуурласан Хүний Хөгжлийн Тайлан хэмээх судалгааг жил бүр гаргадаг юм. 2008-2009 оны судалгаанд Монгол Улс 115-р байранд оржээ.

Олон улсын зээлийн үнэлгээний рейтинг тогтоогч байгууллагууд Монгол Улсын чансааг хэрхэн тодорхойлж байна вэ?

MOODY’S SOVEREIGN RATING: B1, stable
FITCH RATING: B, stable
STANDARD AND POOR’S RATING: BB-, stable



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.