Нүүр » №001, Дүрслэх урлаг, Тооно

Д.Дорждэрэм: “Хөрөг-Ярилцлага” үзэсгэлэн

[2 February 2010 | Б.Жаргалан]

Хөрөг зургийг дүрслэх урлагийн хамгийн хүнд төрөл гэх нь ч бий. Тухайн хүний нүүр царай, бие махбодийг дүрслэхээс гадна дотоод ертөнцийг нь тольдож, нууцлагдмал мөн чанарыг нь ил гаргах ёстой. Тийм ч учраас “Мона Лиза” одоо хэр хүмүүсийн сонирхлыг татдаг байж мэдэх юм. Учир нь тэнд түүх, өгүүлэмж бий.

Тэгвэл Дорждэрэм хөрөг хэмээх ойлголтыг арай өөр өнцгөөс харжээ. Тэр хэн нэгнийг бус, өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрхийг харуулахыг зорьсон.  Рентген гэрэл зураг ашигласан нь ч учиртай. Технологийн хөгжил нийгэмд яаж нөлөөлж байна вэ, орчин үеийн гэгддэг бүхэн хүнийг яаж эвдэж байна вэ? Эмч нар рентген зургийг хүний биед нуугдсан өвчнийг анагаахын тулд ашигладаг. Харин Дэрмээ хүний дотоод сэтгэлийн зовиурыг рентгенджээ. Тэрхүү зовиурыг анагаах арга байдаг болов уу?

Д.Дорждэрэм 2008 онд Сингапурын Дүрслэх Урлагийн Музей, APB сангаас хамтран зохион байгуулсан “Signature Art Prize” олон улсын уралдаанаас “Орон зай дахь дуу хоолой” баримлаараа үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлийн шагналыг хүртэн Монголын дүрслэх урлагийг дэлхий дахинд таниулсан билээ. Тэрбээр мөн 2009 оны 9-р сарын 5-нд Япон Улсын Фукуока хотод нээлтээ хийсэн “Fukuoka Asian Art Triennale” наадамд Монгол улсыг төлөөлөн оролцсон.  “Хөрөг-ярилцлага” үзэсгэлэн нь 2009 оны 11-р сард “ЗанадуАРТ” галерейд тавигдсан юм. Тэрбээр уран бүтээлийнхээ зорилгыг ийнхүү тодорхойлжээ:

“Хөрөг-ярилцлага” үзэсгэлэнгийн санаагаа өвөөгийнхөө тархины томографи зургаас олсон юм. Технологийн тусламжтайгаар хүний ясны бүтцийг нэвт харж болдог бол хүний үзэл бодол, харилцааны хэлбэрүүдийг оюун санааны үүднээс нэвт харж болох юм. Энэ санаандаа тулгуурлан хүний хөрөг гэдэг тогтсон хэлбэрээс татгалзаж, шинэ өгүүлэмжийг бий болгох зорилго тавьсан. Энд ашигласан хэлбэр, түүний бүтэц агуулга нь бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн зүйлс билээ. Гэвч эдгээр энгийн зүйлс маань бүтээлд тусгагдан хувь хүнийг илэрхийлэх ёгт агуулгат түлхүүр болон хувирсан. Үүнд өнгөрсөн, одоо, ирээдүй тухайн хүний үзэл бодлын илэрхийлэл, үнэ цэнэ болон өнөөдөр оршин буй нийгэмд эзлэх хувь хүний байр суурь хүртэл агуулагдсан болно.

Техник технологи, мэдээллийн шуурга бидний гэх үнэт зүйлс болох эх орон, газар нутаг, өв соёлыг бохирдуулан үгүй хийж буйг бидний өнөөдрийн байгаа байдал тодхон харуулж байгаа юм. Үүнээс гарах ганц зам бий. Энэ бол хувь хүний оюун санаа цэвэр байх.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.