Нүүр » №001, Зочин, Хоймор

Бизнетворк.мн сайтын В.Баярсайхан

[2 February 2010 | Б.Жаргалан]

“ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙГ ТОЛГОЙЛООД ЯВЖ БАЙДАГ ХЭСЭГ ХҮМҮҮС БАЙДАГ”

“Танилтай хүн талын чинээ” гэдэг. Ялангуяа өнөөгийн хотжсон, иргэншсэн нийгмийн амьдралд танилын сүлжээ маш чухал үүрэгтэй. Гэвч зүс таних болгонтойгоо мэнд устай явж, шинэ хүмүүстэй танилцана гэдэг асар их цаг хугацаа, эрч хүч шаардсан ажил байдаг. Аз таарч интернэтийн ачаар энэ асуудал шийдэгдэв. Facebook.com, Classmates.com, Hi5.com зэрэг social network буюу олон нийтийн сүлжээ сайтууд бий болсноор арван жилийн ангийн андаасаа авахуулаад холын хамаатантайгаа хүртэл тогтмол холбоотой байж, хүрээгээ тэлэх боломжтой болсон юм.

Харин сүүлийн үед Монгол гэсэн тодотголтой олон нийтийн сүлжээ сайтууд олшрох болов. Тэдгээрийн нэг болох Biznetwork.mn-ыг үүсгэн байгуулагч, “Синглтон” ХХК-ий захирал В.Баярсайхантай олон нийтийн сүлжээний ач холбогдол, Бизнетворкын зорилго, агуулгын талаар ярилцлаа. Biznetwork.mn сайт “Мэдээлэл, холбооны технологийн шилдэг сонголт – 2009” шалгаруулалтын Шилдэг Вебсайт номинацид тэргүүлсэн билээ.

Яагаад заавал бизнесийн хамтралд чиглэсэн олон нийтийн сүлжээ сайт хийх болов?

Монголчуудын хувьд интернэтэд цагийг үр ашигтай өнгөрөөх боломж хомс байдаг шүү дээ. Манайхны интернэт хэрэглээ мэдээ унших, энд тэндхийн хулгайн програм, дуу, кино татах зэргээр л хязгаарлагдаж байна. Чөлөөт цагаа өнгөрөөх сайт бол хангалттай байгаа, энтертэйнмэнт чиглэлийн, найз нөхөдтэйгээ зураг хөрөг солилцдог, харилцдаг чөлөөт сувгууд олон байна. Иймд бид асуудлыг өөрсөд дээрээ авч үзээд, офисын ажилтнууд ямар сонирхолтой байдаг вэ гэдгийг бодолцсоны үндсэн дээр сайтаа бүтээсэн.

Олон нийтийн сүлжээг хүмүүстэй танилцах гэж, найз нөхөдтэй болох гэж, дээр нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо дотносох гэж, тиймэрхүү зорилгоор ашигладаг, тэгвэл яагаад Монголд бизнесийн зорилгоор ашиглаж болохгүй гэж? Бизнесээ онлайнаар хийдэггүй юм аа гэхэд ядаж нэг нэгнээ бизнесийн зорилгоор нээж болно шүү дээ. Манайхан нэг хэсэг өмссөн хувцсаараа, хэрэглэж эдэлснээрээ гангардаг байсан бол одоо мэргэжлээрээ, ажил төрлөөрөө гангарч, бахархдаг болсон.

Жирийн амьдрал дээр ямар нэг байгууллагын захирал эсвэл УИХ-ын гишүүнтэй холбоо тогтооход хүндрэлтэй байдаг, харин одоо нэгэнт сүлжээнд холбогдчихсон бол танилцах хүсэлтээ илгээгээд, асуулт байвал асуугаад, өөрийнхөө саналыг хэлэх буюу хамтран ажиллах хүсэлтээ тавих боломж нээгдэж байгаа юм. Хүн хайхаар бол, жишээлбэл ямар нэг байгууллагын тодорхой нэг бүтээгдэхүүн хариуцсан хүнтэй уулзах шаардлага гарвал сүлжээнээс хайлт хийгээд, шууд холбогдох боломжтой. Ийм л сүлжээг үүсгэе гэсэн зорилготой.

Бид 2010 оны 1-р сарын 20-нд нэг жилийнхээ ойг хийнэ. Бид чинь анх гарч ирчихээд интернэтийн орчинд нэг хэсэг бужигнасан юм, тэгээд хэдүүлээ бодит амьдрал дээр нэг уулзацгаая гээд 2009 оны 3-р сарын 31-нд сүлжээнийхээ гишүүдийн хүрээнд Namecard нэртэй хөтөлбөр зохион байгуулсан. Нэрийн хуудсаа солилцох өдөрлөг. Оны өмнө Namecard 2.0 гэсэн арга хэмжээ төлөвлөж байсан боловч ханиад гарсантай холбоотойгоор цуцлагдсан, иймд арга хэмжээгээ нэгмөсөн 2010 оны 3-р сарын 31-нд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Манайд олон нийтийн сүлжээ сайт мэр сэр бий шүү дээ, Banjig.net-ын 360 сүлжээ, Vimomn.net, г.м. Хамгийн сүүлд Voodoo.mn гэдэг сайт нэлээд шуугиан дэгдээж байх шиг байна.

Бий бий. Voodoo.mn бол мультимедиа чиглэлд хандсан сайт – дуу, хөгжим, ТВ, фото зураг гэсэн медиа агуулгуудыг олон нийтийн сүлжээний орчинд хийж байгаа юм билээ. Тэр бол их дажгүй, сүүлийн үед овоо сайжирч байгаа. Ямар ч байсан нэг үеэ бодвол манай интернэтийн орчин маш их сайжирсан. Ядаж хүн ороод мэдээ уншчихаж байна. Цаашид ч сайжирах байх, сайн сайн залуучууд олон байна. Нэг үе Монголчууд бүгд эдийн засагч болно гэж шуурдаг байсан бол харин одоо бүгд програм хангамж руу хошуурч байна. Монголд нийт 3 000 IT-ын мэргэжилтэн байгаа гэсэн тоо бий, энэ чиглэлээр суралцаж байгаа нь түүнээс их. Тэгэхээр удахгүй манай интернэтийн орчинд юм юм л болох байх.

Дотоод, гадаадын олон нийтийн сүлжээ сайтуудаас танай шууд өрсөлдөгч хэн бэ?

Яг одоо бол бид дотооддоо өрсөлдөгч харахгүй байгаа ш дээ. Гадаадын бол зөндөө өрсөлдөгч байна, хамгийн том нь Facebook юм даа. Тэд саяхан нэг судалгаа гаргаж гэнэ. Facebook-ыг та ямар зорилгоор ашигладаг вэ гэсэн асуултад оролцогчдын 61 хувь бизнесийн зорилгоор ашигладаг гэж хариулсан байна лээ. Зарим нэг байгууллагын дотоод хамтын ажиллагаа нь хүртэл Facebook дээр явагдаж байна. Дэлхий дахинд тарсан олон офистой байгууллагын ажилтнууд бараг хувийн и-мэйлээ ч ашиглахгүй, Facebook-ээр хоорондоо харилцдаг болчихсон юм байна. Гэхдээ Facebook-ын зэрэглэл нь бас арай жаахан өндөр. Оюутнууд бол нэг их сүртэй Facebook-дээд байхгүй, hi5-дна. Сургуулиа төгсчихөд магадгүй Facebook-т бүртгүүлнэ.

Гэхдээ Бизнетворк.мн зорилгын хувьд Facebook.com гэхээсээ илүүтэй LinkedIn.com-той төстэй санагддаг?

Бидний анхны санаа бол угаасаа LinkedIn-ы Монгол хувилбарыг хийх гэсэн санаа байсан л даа. Facebook.com бол угаасаа ойлгомжтой, томрох нь ч ойлгомжтой байсан. Гадаад сургууль төгссөн Монголчуудын ихэнхийг нь хамарчихсан, Монголд байгаа хүмүүс нь ч гэсэн түрүүчээсээ хамрагдаад дуусч байгаа. Facebook-ын Монголоос хандалтын бодит тоог нь гаргах юм бол мэдээний порталуудыг давж мэднэ шүү. Харин LinkedIn бол аягүй чухал сүлжээ, ядаж байхад төлбөртэй. Ажлын зар харъя гэхэд л таван зар харах нь үнэгүй, зургаа дахь зараасаа авахуулаад үнэтэй болчихдог, ажлын зар тавья гэвэл бүр үнэтэй.

Тэгвэл танай сүлжээ LinkedIn шиг чухал байж чадаж байна уу?

Манайд урьд өмнө нь олон нийтийн сүлжээ сайт өргөн тархаагүй байсан болохоор хүмүүс түүнийг ямар зорилгоор яаж ашиглахаа сайн мэдэхгүй байсан. Бид хичнээн уриалга гаргаад, сайтыг маань зорилго агуулгатай нь нийцсэн байдлаар зөв ашигла гэж хэллээ гээд, хүмүүсийн хэрэгцээ гэж нэг юм байна. Тэдний хэрэгцээг хангах өөр сүлжээ байхгүй болохоор хүмүүс Бизнетворкыг янз бүрийн зорилгоор ашиглаж байгаа, гэхдээ бизнес тал нь давамгайлдаг. Хүмүүс танилцахдаа ч гэсэн бизнесийн чиглэлээр танилцаж байна, ажлын байрны мэдээлэл тавьж байна, эсвэл сүлжээгээр танилцсан хүмүүстэйгээ төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллаж байна, тиймэрхүү зүйлс зөндөө гарч байгаа.

Мөн түүнчлэн хүмүүс ажлын байртай болж байна, байгууллагууд чадварлаг боловсон хүчин олж авч байна. Анх эхэлж байхад нэг ажлын зар тавигдахад 5 CV ирдэг байсан бол одоо 15-20 CV-нээс сонголт хийх боломжтой болсон. Мөн тусдаа зарын булан, freelance үйлчилгээ үзүүлэгчдийн зар тавих булан нээчихсэн байгаа. Саяхан гарсан шинэ хувилбартаа бид маш олон булан шинээр нэмсэн л дээ. Хувь хүний ямар хэрэгцээ байж болох вэ: ажлын байрны мэдээлэл байна, мөн орон байрны хэрэгцээнд нь зориулж үл хөдлөхийн хэсэг хийсэн, дээр нь автомашины зарын хэсэг хийчихсэн байгаа. Удахгүй бид байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн нэг булан нээх гэж байна. Бэлтгэл ажил дууссан, удахгүй гарна. Монголд давхардсан тоогоор 5 000 – 6 000 байгууллага бүртгэлтэй байдаг юм байна, тэдгээр байгууллагуудын ажилтнууд манайд бүртгэлтэй байгаа. Тэдэнд хандсан санал гомдол эсвэл талархлаа илгээдэг булан нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Би нэг ресторанд орлоо гэхэд үйлчилгээ нь муу байсан бол түүнийг нь бичиж болно гэсэн үг үү?

Харин тийм, эсвэл ямар нэг бүтээгдэхүүн аваад үнэхээр сэтгэл хангалуун байгаа бол түүнийхээ талаар “Тэр компаний тийм үйлчилгээ нь үнэхээр сайн” гэж бичихэд байгууллагууд нь ч анхаарч эхэлнэ, үйлчлүүлэгчид нь ч ямар байгууллагаар яаж үйлчлүүлэх вэ гэдэг сонголтыг хийх болно.

Рэйтингийн систем бий болгох гээд байна уу даа?

Яг үнэн. Ямар байгууллага үйчлүүлэгчдийн таашаалд нийцэж байна, эсвэл гомдлыг нь барагдуулж чадаж байна гэх маягаар бизнесийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг үйлчлүүлэгчидтэй нь холбож өгье гэсэн санаа.

Сүүлийн үед баруунд хүмүүс Twitter.com-ыг тиймэрхүү зорилгоор ашиглах болсон гэж яриад байгаа.

Твиттерыг customer support-д ашиглахад нэг дутагдалтай талтай – хэлэлцүүлгийн түүх гарч ирэхгүй, өөрөөр хэлбэл асуудал давтагдах магадлал маш өндөр. Твиттер дэх харилцаа яг одоо цагт явагддаг учраас өмнө нь хэн ямар асуудалтай байсныг нь мэдэх боломж байхгүй.

Dell корпорацийн түүх байдаг ш дээ, анх тэд АНУ-ын нэг том сэтгүүлчийн ноутбуукыг нь засах гэж бөөн юм болоод, өнөөх нь тэр бүх асуудлын талаар блог дээрээ нийтлэл бичээд бөөн асуудал үүсч байсан. Тэр явдлаас хойш Dell өөрөө нэг сайтыг бий болгосон түүхтэй, тэр нь тус компаний хэрэглэгчдэд маш хэрэгтэй зүйл болсон гэдэг. Наад зах нь Google-ээр хайлт хийлээ гэхэд тухайн хүнд тохиолдсон асуудлын шийдэл гараад ирэх жишээтэй.

Танай сайтын гишүүдийн профайл дээр Твиттер, блог гэсэн сонголт байна билээ, Монгол блогчид асар олширсон энэ үед Бизнетворкыг давхар блог портал болгон хөгжүүлэх төлөвлөгөө байна уу?

Твиттерын хувьд гэх юм бол, нэгэнт бий болчихсон, сайн ажиллаж байгаа зүйлийг дахин давтаад яахав гээд зүгээр л Бизнетворкод холбочихсон юм. Блогийн үйлчилгээг бид одоо эхэлье гэвэл бидний барьж буй бодлогод нийцэхгүй зүйл болно. Бид чинь портал биш шүү дээ, олон нийтийн сүлжээ, тэгэхээр блогийн үйлчилгээ явуулах нь зөв үү буруу юу. Мэдээж хэрэг хэрэв манай гишүүн блогоо өөрийн профайлтай холбохыг хүсвэл тийм боломж байгаа. Иймд бие даасан блогийн үйлчилгээ санал болгох эсэхээ одоохондоо шийдээгүй байгаа гэж хэлж болно.

Манайхан сүүлийн үед их Твиттердэх болсон талаар бид сэтгүүлийнхээ энэ дугаарт бичиж байгаа л даа. Асар идэвхтэй твиттерчдийн дунд УИХ-ын гишүүд хүртэл байна билээ.

Тийм шүү, тэд чинь маш их идэвхтэй, дээр нь маш олон followers-тэй, бараг 500-600 хүнийг дагуулж байгаа байх шүү. Хаа газар технологийн хөгжлийг толгойлоод явж байдаг хэсэг хүмүүс байдаг, тэрийг нь нөгөө хэд нь дагаж, үлгэр жишээ авч явдаг. Твиттерын хувьд, тэдгээр УИХ-ын гишүүд бол маш том хөшүүрэг болж байгаа. Тэр нөхдүүд чинь хурал дээр сууж байхдаа хүртэл Твиттердээд байна ш дээ.

Харин тийм, Барак Обама Blackberry-гаасаа салдаггүй гэж ярьдаг шиг л…

Яг үнэн.

Бизнетворкыг бизнесийн зорилгоор ашиглахын оронд “Танилцъя, партидая” гэх хандлагатай гишүүд олширч, энэ нь яваандаа танай вебсайтын имижид сөргөөр нөлөөлж, бизнес хамтрал гэдэг утгыг нь алдагдуулах аюултай юу?

Тийм асуудал гарч байгаа. Учир нь бид Бизнетворкыг анх эхлэхдээ нэг том алдаа хийсэн юм, тэр нь юу вэ гэвэл бид хэтэрхий нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл, тээр тэнд байгаа шал өөр сонирхолтой хүнийг, өөр хаа нэг газар байгаа үзэл бодол нь нэлээд төлөвшчихсөн хүнтэй нэг тогоонд хийчихсэн. Тэр хоёр хүн тэр бүр хоорондоо ойлголцохгүй. Анхандаа бүгд сайтаа зөв ашиглах гэж хичээсэн л дээ, бид ч гэсэн анхааруулга их хийдэг байсан, уучлаарай, сайтын зорилгод нийцсэн бизнесийн агуулгатай, хүнд хэрэгтэй зүйл бичээрэй гээд л… Гайгүй хүмүүс нь юм бичлээ гэхэд тэр хүний ярьж, бичиж байгаа зүйлийг огт ойлгохгүй, хаа хамаагүй юм яриад явчихдаг хүмүүс гараад ирдэг.

Угаасаа Бизнетворк маань нээлттэй сүлжээ болохоор хэн ч хамаагүй бүртгүүлж болно. Бүртгүүлээд ороод ирчихсэн хүмүүс чинь тэнгэр газар шиг юм ярих магадлалтай. Зарим нь хараал ерөөл хэлнэ, мэдээний сайтууд дээр бичдэг шиг ээ зан авир гаргана, анх тэр болгоныг хязгаарлах гэж үзэж байгаад сүүлдээ арай өөр маягаар хийсэн нь дээр юм уу гэж бодсон. Бүлэг бүлгээрээ ч юм уу эсвэл зөвхөн өөрсдийнхөө сонирхлын хүрээнд, ойлголцох хүмүүсийн хүрээнд харьцах боломжийг бүрдүүлж, хүмүүсийг ангилъя гэсэн зарчмаар хоёрдугаар хувилбараа хийсэн л дээ.

Гишүүдийг ямар зарчмаар ангилах вэ?

Энэ тал дээр бид Facebook.com-оос санаа авсан, угаасаа тэдний зарчим маш зөв шүү дээ, хаалттай зарчим. Зөвхөн танилуудынхаа, өөрийнхөө зөвшөөрсөн хүмүүсийн мэдээллийг авна, тэдэнтэйгээ л харилцана гэсэн зарчимтай. Бид яг тэр зарчмыг нь л хуулбарласан. Зар уншлаа гэхэд хамгийн түрүүнд танилуудынхаа тавьсан зарыг уншдаг, ямар нэг мэдээлэл, хэлэлцүүлэгт хамрагдаж, шинэ хүнтэй танилцъя гэхэд танилуудынхаа санал болгосон зүйлсийг хардаг байх ёстой. Гишүүний нүүр хуудсыг иймэрхүү байдлаар хийж өгсөн.

Олон нийтийн сүлжээг нэг хүн ингэж тодорхойлж гэнэ – олон нийтийн сүлжээ гэдэг бол олон нийтийн жорлон юм аа гэж. Нэгэнт сүлжээ маань нээлттэй орчин болохоор үнэнд нийцсэн тодорхойлолт гэж бодож байна. Хүмүүсийг хязгаарлаж, яс арьс, үзэл бодлоор нь ялгаварлах боломжгүй тийм орчин. Хүн болгон адилхан үзэлтэй байх албагүй тул хүмүүсийн хооронд зөрчил их гарна, тэр дундаа манайхны бас нэг хагархай, бутархай, болдоггүй зан илт гарч ирдэг л дээ.

Надад нэг ийм бодол төрж байна л даа. Монголчуудын интернэт хэрэглээ анх ямар зарчмаар хөгжиж эхэлсэн бэ гэхээр, бид анх чатладаг байлаа (Monstudnet.com, г.м.), тэгмэгц дараан бид форумддаг боллоо (Asuult.net, г.м.) Дараа нь Olloo.mn, News.mn гэх мэт мэдээний порталууд бий болсон. Өөрөөр хэлбэл бизнесийн зорилгоор, эсвэл ямар нэг ашигтай байдлаар интернэтийг ашиглах соёл хараахан бүрэлдээгүй байж болох юм. Тийм соёлыг яаж бүрдүүлэх вэ?

Хөгжлийн үе шат юм даа. Бид анх бизнесийн салбарын элитүүдийг сүлжээндээ хамруулахыг зорьсон. Тэд нар маань уул нь анхандаа бүртгүүлж орж ирсэн юм. Гэхдээ тэд мэдээж хэрэг цаг зав муутай хүмүүс, тэр бүр ороод байхгүй. Тэгээд ч өнөөх үзэл бодлын зөрчил гэдэг юм чинь тэдний идэвхтэй байдлыг алдагдуулаад байдаг.

Танайх гуч гаран мянган гишүүнтэй гэлээ,  гишүүдийн тоо хэр хурдтай өсөж байна вэ?

Өдөрт 40-80 шинэ гишүүн бүртгүүлж байгаа, тэгэхээр сард 1,200-2000 гишүүн бүртгүүлдэг гэсэн үг. Анхандаа өдөрт 200 хүн элсдэг байлаа, одоо өсөлт нь харьцангуй саармагжсан ч, тогтмол байгаа.

Анхны өдөр хэдэн хүн бүртгүүлсэн бэ?

Анхны өдөр найзууд л орно ш дээ. Бид эхний 14 хоногтоо бета хувилбараа зөвхөн найзуудынхаа хүрээнд туршиж үзсэн юм. Зар сурталчилгаа хийж эхэлснээс хойш өдөртөө 50-60 хүн бүртгүүлж эхлээд, тэр тоо нь оргил үедээ 200-250 болоод, тодорхой хэмжээний дүүргэлт явагдсаны дараа буурч, 40-80 дээр тогтворжсон.

Бизнетворкын маркетинг их өвөрмөц байдлаар явагдсан санагдсан л даа, ТВ, сонин, гудамжны самбар гэх мэт зар сурталчилгааны уламжлалт сувгуудыг ашиглахын оронд зөвхөн онлайн сурталчилгаа явуулсан. Энэ бодлого чинь хэр их үр дүнтэй байв?

Бид чинь ямар нэгэн хөрөнгө оруулалтгүй компани ш дээ. Уламжлалт сувгууд чинь аягүй үнэтэй. Тийм болохоор бидний хувьд уламжлалт сувгийг сонгоё ч гэсэн тийм бололцоо байгаагүй.

Гэхдээ та нар ТВ-ээр реклам цацаж, хотыг самбараар дүүргээгүй хэрнээ нэг жилийн дотор 30 000 хэрэглэгчидтэй болж чадсан байна. Тэгэхээр онлайн маркетинг хүртээмж сайтай гэсэн үг үү?

Тархалтын хувьд бид сэтгэл хангалуун байгаа. Одоо хамгийн гол нь үнэ цэнийг бий болгох явдал. Хүнд хэрэгтэй мэдээлэл, хэрэгтэй агуулга бий болгохын төлөө ажиллаж байна. Түүнээс биш хүмүүсийн тоо, хэрэглэгчдийн өсөлт гэх мэт бол нэг их сонин биш. Бизнетворкын талаар сонссон хэрнээ элсэж амжаагүй, дараа нь элсэнэ гэсэн хүмүүс одоо ч гэсэн зөндөө байгаа. Нэрийг нь сонсоогүй хүмүүс ч байгаа.

Хэдэн хүн танай сайтаар дамжин ажилд орсныг мэдэх боломж бий юу?

Бид сая Namecard 2.0 арга хэмжээгээ төлөвлөж байхдаа, ажлын байрны зар тавьсан хүмүүсийн дунд судалгаа явуулсан юм. Нэг ажлын байрны зар дээр 15-20 анкет ирдэг, нийтдээ 700-800 ажлын байр зарлагдсан гэсэн судалгаа гарсан. Нийт 50 байгууллага манай сайтаар дамжуулж ажлын байрны зар явуулсан. Ямар ч байсан бодитоор 80 хүн ажилд орсон гэсэн судалгаа гарсан. Ихэвчлэн нийгмийн чиглэлийн ажлын байрууд давамгайлсан – борлуулалт, маркетинг, гэх мэт.

Цаашдаа сайтаа яаж хөгжүүлэх бодолтой байна?

Бид цаашдаа бизнесийн холбогдолтой хэсгүүд рүү л явна. Байгууллагын үйлчилгээний стандарт, customer support руу чиглэсэн үйлчилгээ, мөн ажлын байрны хэсгийн сайжруулалт явагдана. Бүртгэлгүй хэрнээ ажлын байрны зар харах гэж орж ирдэг хүмүүс олон ш дээ. Ажлын байрны хэсэг дээр хийх зүйл маш их байгаа. Одоо бол бид хамгийн энгийн жагсаалт маягаар л ажиллаж байгаа. Төлөвлөсөн зүйл гэх юм бол, маркетингийн менежер гишүүн байлаа гэхэд маркетингийн ахлах менежер, удирдлагын түвшний ажлын байрны зарыг автоматаар и-мэйлээр хүлээн авах тохиргоог хийх боломжтой болно, эсвэл салбараа сонгоод тухайн салбартай холбогдолтой заруудыг авна ч гэдэг юм уу. Харин байгууллагуудын хувьд, ажлын байр зарлаагүй ч гэсэн, онлайнаар CV хүлээж авах боломжийг бүрдүүлнэ.

Манайхан ер нь ажлын орон тооны талаар ямар сувгаар мэдээлэл авч байна вэ?

Дээд түвшний ажлын байрууд бол зарлагдахгүй ш дээ. Монголыг сайн мэдэхгүй, гадны хөрөнгө оруулалттай компаниуд л удирдах түвшний ажлын байрны орон тоог нийтэд зарлана уу гэхээс биш дотоодын компаниуд тиймэрхүү орон тоонд reference-аар л хүн авдаг. Харин дунд түвшний ажлын байр бол жинхэнэ бидний зорилтот зах зээл. Сургуулиа төгсчихөөд ажил хайж байгаа хүн, эсвэл хэдэн жил ажиллачихаад албан тушаалаа сайжруулчихъя гэсэн хүмүүст хүрэхийг хичээж байна.

Оюутны дадлагын зар гэх мэт нэмэлт үйлчилгээ санал болгох уу?

Бидэнд оюутны сүлжээний бас нэг санаа байгаа л даа. Төлөвлөлтийн түвшинд явагдаж байгаа.

Дунд түвшний ажлын байрны зах зээлд оюутнууд давамгайлах магадлалтай байж мэдэх юм.

Ер нь Монголд хүн бүр л ажлаа сольчихъё гэсэн бодолтой байдаг юм биш үү, ажлын байрны хэсэг рүү ядаж өдөртөө нэг шагайчихдаг.

Эсвэл би бусад хүмүүстэй харьцуулахад хангалттай цалин авч байна уу үгүй юу гэж хардаг байх, тийм үү?

Бид ажлын байрны зар дээрээ цалингийн хувьд “тохиролцоно” гэсэн сонголт нэмчихсэн чинь ихэнх зар тавьж байгаа байгууллага түүнийг нь сонгоод байгаа юм (инээв).

Танай орлогын талаар сонирхож болох уу? Баннер сурталчилгаа, гишүүнчлэлийн төлбөр гэсэн хоёр үндсэн эх үүсвэр харагдаж байна. Аль нь танай сүлжээний хувьд илүү бодитой орлогын эх үүсвэр вэ?

Гишүүнчлэл гэдэг маань угаасаа хүмүүсийг хооронд нь ялгах л хэрэгсэл юм, бидний мөнгө олох арга биш. Энэ хүн ямар зорилгоор элсэж байна вэ гэдгийг тодорхойлох нэг арга. Баннер сурталчилгаа бол угаасаа ойлгомжтой, одоогийн интернэтийн орчинд хүмүүс баннер сурталчилгааг их сонирхдог болохоор тийм бүтээгдэхүүн байгаа. Харин бидний ирээдүйн зорилго бол байгууллагуудтай харьцах.

Орлогын эх үүсвэр юу байх вэ?

Дээр ярьсан байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн хэрэглэгчдийн санал гомдлыг авах системд байгууллагууд өөрийн гэсэн тусдаа профайлтай байдаг ч юм уу, тиймэрхүү бүтээгдэхүүн гарна, тэр нь тодорхой төлбөртэй байна. Мөн ажлын байр хэсэг дээр хүний нөөцийн шаардлага ихтэй зуучлагч байгууллага, эсвэл том том байгууллагууд ажлын байрныхаа зарыг өөр форматтай, арай илүү тод томруунаар харагдуулах, эсвэл тодорхой мэргэжлийг сонгоод тухайн мэргэжлийн хүмүүст ажлын байрны саналыг автоматаар илгээх гэх мэт олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Байгууллагуудын хүний нөөцийн албыг нь орлох гээд байна уу даа?

Бид цогц үйлчилгээ санал болгох бодлого барьж байгаа. Мэдээж хэрэг мөн онлайн худалдаа руу орж л таараа. Гэхдээ яг одоо бол цаг хугацаа нь арай болоогүй байна.

Байгууллагуудад тодорхой үйлчилгээ үзүүлэхийн тулд танай гишүүнчлэлийн тоо маш өндөр байх ёстой бус уу?

Тоо чухал, тэрийг л хүлээгээд байна. Бид юу юугүй хэт олон бүтээгдэхүүн гаргаад, тэр нь хэнд ч хүрэхгүй байвал хэцүү ш дээ. Жишээ нь, бид нар мэднэ ш дээ, Banjig.net, Olloo.mn руу орохоор мянган төрлийн үйлчилгээ угтдаг, аль нь хэнд хүрэх ёстой юм, яах ёстой юм гэдгээ хүмүүс сайн ойлгож амжаагүй байхад чинь нүдээд л, нүдээд л… холбоосууд нь нэмэгдээд л, нэмэгдээд л. Бид сая 2.0 хувилбар дээрээ тиймэрхүү алдаа гаргах шахсан, хүмүүс овоо дасчихсан л болохоос биш. Хэтэрхий олон үйлчилгээ нэгэн зэрэг гаргаад, юу юугүй байгууллагуудаас мөнгө нэхээд л, юуны түрүүнд мөнгө олох гэж байгуулагдсан юм шиг зүтгэлтэй биш.

Одоо бол бид үйл ажиллагааныхаа зардлыг нөхөөд л явж байна. Нэг их хасах руугаа ч ороогүй, тийм л байдалтай. Манайх ямар нэг их том байгууллага биш дээ. Бидний жинхэнэ мөнгө олох ёстой үе хэзээ ирэх вэ гэхээр нэгт, гишүүдийн тоо маань нэмэгдэх ёстой, дээр нь өндөр хэрэглээтэй байх ёстой. Хэрэглээ сайтай байж л байгууллагуудын сонирхлыг татна, тэд бидэнд хандаж эхлэх тэр үеийг л хүлээж байна даа.

Тэгвэл хангалттай гэж үзэж болох гишүүдийн тоо хэд байх вэ?

Манай гишүүнчлэл 30 гаруй мянгад хүрсэн ч гэсэн, идэвхтэй гишүүдийн тоо чухал. Өөрөөр хэлбэл, идэвхтэй хэрэглэгчид нийт хэрэглэгчдийн маань 50 хувьд хүрчихвэл болж байгаа юм. Хэвлэлийн хүрээлэнгийн нэг судалгаа гарсан байсан л даа, Монголын идэвхтэй интернэт хэрэглэгчдийн тоо 50 мянга, харин нийт интернэт хэрэглэгчдийн тоо 500 мянга орчим гэсэн. Тэгэхээр эхний ээлжинд тэр 50 мянган идэвхтэй хэрэглэгчдэд хүрэх ёстой.

Идэвхтэй, идэвхгүй хэрэглэгчдийг яаж ялгаж байна?

Долоо хоногт хоёроос илүү орж байгаа бол тэр хүн идэвхтэй хэрэглэгч гэж хэлж болно. Сард нэг удаа гэвэл арай идэвх муутай, холдож байгаа гишүүн гэсэн үг.

Интернэт орчны хөгжил гэж яривал онлайн худалдаа гэсэн том асуудал байна. Монголд онлайн худалдааг хөгжүүлэхэд ямар бэрхшээл ажиглагдаж байна?

Яг одоогоор Монголын вебсайтууд зөвхөн мэдээлэл өгөх, зар цацах зарчмаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, интернэтээр борлуулалт бараг явагддаггүй. Жишээлбэл, манай сайт гишүүнчлэл зардаг. Өдөрт 2-5 хүн худалдан авалт хийдэг. Гэтэл банкны картаар дамжуулсан худалдан авалтын хувьд, 10 хандалтын 1 нь л амжилттай явагддаг. Төлбөр нь failed гээд л гараад ирнэ. Хүн нэг үзнэ, хоёр үзнэ, тэгээд сүүлдээ залхаад хаячих жишээтэй. Тэр болгонд бид хэрэглэгч алдаж байгаа юм. Банкууд картын хэрэглэгчиддээ интернэтээр худалдаа хийх талаар хангалттай мэдээлэл өгдөггүй, дээр нь интернэтээр худалдаа хийх тохиолдолд заавал банкнаасаа тусгай код авах ёстой гэх зэрэг илүү шаардлага тавьдаг. Тэгэхээр интернэтээр худалдан авалт хийхийн тулд хэд гурван сайтаар дамжиж, заавал банкныхан сайтад хандаж, кодоо оруулсны дараа мөнгө шилжих болдог. Тэр хооронд нь интернэт тасарвал яана гэсэн айдас бас байна. Дээр нь банкууд худалдан авалт бүрээс 2-4 хувийн шимтгэл авдаг. Мөн хүргэлтийн асуудал байна.

Гадны сайтаас худалдан авалт хийлээ гэхэд тухайн вебсайтын тооцоо төлбөрийн хэсэгт мэдээллээ оруулаад л төлбөрөө шилжүүлчихдэг шүү дээ. Гэтэл манайд яагаад тийм олон дамжлага байгаад байна?

Банкууд сайтуудад итгэхгүй байна л даа. Тухайн вебсайт манай хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлчихна гэсэн айдсаас болоод төлбөрийн системээ сайтад нь суурилуулдаггүй. Интернэт худалдаа чинь үндсэндээ итгэлцэл дээр л тогтдог шүү дээ. Нэгдүгээрт, энэ сайт миний мэдээллийг буруу зөв байдлаар ашиглачих вий гэхээс айна, дээр нь бараа бүтээгдэхүүнээ тогтсон цаг хугацаандаа нийлүүлж чадах эсэхэд нь эргэлзэнэ. Гэхдээ одоо бол цаг хугацааны хувьд бүх зүйл жигдэрч байна. Онлайн худалдаа хөгжих цаг үе ч ойртож байна. Жишээ нь, Tedy.mn бол маш сайн явж байгаа. Тэгээд ч наад зах нь хүн бүр карттай болж байна. Хүргэлтийн асуудал хот дотор бол шийдэгдэж байна. Одоо үндсэндээ итгэлцэл, зуршил гэсэн хоёр зүйл л чухал байна.

Онлайн худалдаа ямар тохиолдолд ашигтай байх магадлалтай вэ?

Яг одоо хөрөнгө оруулалт сайтай, далайцтай хөдлөх тийм онлайн худалдааны сайт гарч ирээгүй байна. Үнэхээр мөнгө хаяад, агуулахаа бараагаар дүүргээд ажиллаж чадсан тохиолдолд онлайн худалдаа явах магадлалтай. Дээр нь онлайн дэлгүүрүүд үнийн хувьд оффлайн дэлгүүрээс илүү хямд байх ёстой. Онлайнаар худалдан авалт хийж байгаа хэрэглэгч, нэгдүгээрт цаг хугацаа хэмнэх ёстой, хоёрдугаарт мөнгө хэмнэх ёстой. Онлайн худалдааны нэг давуу тал нь, өндөр үнээр дэлгүүрт талбай түрээслэх шаардлагагүй, урсгал зардал харьцангуй бага учраас хэрэглэгчдэд оффлайн худалдаанаас илүү хямд үнэ санал болговол амжилт олно.

Бизнетворкын нийт гишүүдийн хэдэн хувь нь төлбөртэй гишүүн бэ?

Одоогоор 500 гаран төлбөртэй гишүүн байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн, гишүүнчлэлийн ангилал гэдэг маань бидний хувьд орлогын эх үүсвэр биш, сайтад элссэн зорилгыг нь тодорхойлох нэгэн хэрэгсэл. Мэдээж хэрэг, нэгэнт мөнгө төлж байгаа тохиолдолд ямар нэг давуу эрх эдлэх ёстой. Ажлын зараа илүү дээгүүр байранд байрлуулах ч гэдэг юм уу, эсвэл зөвхөн бизнес ангиллын гишүүдтэй танилцана ч гэдэг юм уу, өөртөө таарсан тохиргоо хийх боломжтой.

Бизнетворк руу Монголд амьдардаг хүмүүс илүү хандаж байна уу эсвэл гадаадад ажиллаж, амьдарч байгаа гишүүд олон байна уу?

Нийт гишүүдийн маань 97 хувь нь Монголоос ханддаг. Угаасаа бидний зорилго бол Монголын бизнес хүрээг хамарч, офисын ажилтнуудыг холбох явдал.

Мэдээний сайтууд руу гадаадад амьдардаг Монголчууд нэлээд ханддаг тал ажиглагддаг, тэгэхээр танай сайт газарзүйн хувьд бусдаасаа давуу талтай гэж ойлгож болох уу?

Тийм шүү, гадаадад амьдардаг Монголчууд маань дотоодын сайтуудын нийт хандалтын 30-40 хувийг эзэлж байх шиг байгаа юм. Бид Монголд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг нэлээд сайн хамарч чадсаны хувьд, тэр давуу талаа ашиглаад УБ-ын офисын ажилтан, зангиатнуудын дунд үйлчилгээ явуулахыг зорьж байгаа. Ямар ч байсан сард нэг удаа ямар нэг шинэ үйлчилгээ нэвтрүүлж, эсвэл хуучин үйлчилгээгээ илүү сайжруулах зорилготой ажиллаж байна.

Чи Турк улсад програм хангамжийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, яагаад тэндээ ажилласангүй наашаа хүрээд ирэв ээ?

Туркт ажилласан ш дээ (инээв).

Ихэнх гадаадад сурсан залуучууд тэндээ бүрмөсөн шингэчих гээд байх болсон шүү дээ.

Харин тийм ээ, ихэнх нь шингээд байна, үнэхээр харамсалтай. Бид Бизнетворкыг хийхээсээ өмнө “Back to Mongolia” гэдэг нэг төсөл эхлүүлэх гэж байсан юм. Ерөнхий зорилго нь гадаадад сураад, боловсроод, ажиллаад ханачихсан хүмүүсийг Монгол руугаа буцаач ээ гэж уриалах, буцлаа гэхэд юу хийх ёстой юм, яах ёстой юм, хэнтэй танилцах ёстой юм, тэр бүх асуудлаа шийдээд, учраа олчихсон хүмүүстэйгээ холбогдоосой гэсэн зарчмыг баримтлана гэж бодож байлаа.

Би сургуулиа төгсчихөөд Туркт нэг банкны програм бичдэг компанид гурван жил ажилласан. Тэгээд сүүлдээ “Би энд ажиллаад л байх юм бол ажиллаад л байх юм байна” гэсэн ойлголттой болчихож байгаа юм. Тэгээд, ер нь Монголдоо очъё, гэгээлгээр ярих юм бол, “улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя”, нөгөө талаараа бол эртхэн очиж байр сууриа эзэлье, гэр бүлээ бодъё гэх маягтай. Ирсэн зорилго маань ч бага багаар биелж байна. Гэхдээ хүн хаалттай орчинд байгаад байвал ялзрах магадлалтай байдаг тул ойрын үед гадагшаа явж, богино хугацааны сургалтад ч юм уу хамрагдах бодол байна. Гадаадад сураад, ажиллаад, зохих түвшинд хүрчихсэн хүмүүсийг ирээсэй л гэж хэлмээр байдаг юм.

Би ч бас тэгж боддог л доо. Гэхдээ даяарчлал гэж ярьж байгаа тохиолдолд заавал Монголд ирснээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэж ойлгох нь өрөөсгөл байх талтай. Тэр хүн тэндээ үнэхээр балай авч чадаж байвал Монголд хэрэгтэй бус уу?

Гэхдээ балай авч байгаа хэсэг нь аягүй цөөхөн ш дээ. Мянган хүний нэг нь балай авлаа гэхэд нөгөө хэд нь зүгээр оромцог болоод, муугаар ярих юм бол Монголын энэ бухимдалтай, хэцүү, дорой хөгжлөөс хол байхыг бодож суугаа. Түүнээс биш учиргүй сайхандаа ч биш байж болно. Гэхдээ хүний хийж бүтээсэн юм нь дээр очоод данхалзах онцгүй л дээ. Жишээ нь, London Eye-аас хот ийм гоё харагддаг юм, гэтэл Монголд ийм юм байхгүй ш дээ гэх мэтээр онгироох муухай л даа.

Тэгвэл ирээд тийм зүйлээ хийж бүтээх хэрэгтэй ш дээ, тийм ээ.

Чаддаг юм бол тэг, үгүй бол дуугай наанаа бүгээд байж бай гэмээр байгаа юм. Гэхдээ гадаадад байгаа хүмүүс Монгол руугаа ирээсэй л гэж боддог. Хэрэв сурч боловсроод дуусчихсан бол шүү дээ. Үгүй бол тэндээ сур, ажилла, туршлага хуримтлуул, мөнгө цаас хийх хэрэгтэй бол түүнийхээ хийчих, тэгээд хүрээд ир.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихэвчлэн сөрөг мэдээг онцолдог нь хүмүүст их хүндээр тусдаг юм шиг. Тэгмэгц нөхдүүд “Монгол ч биш болжээ, авилгал, хээл хахууль, утаа униар, ерөөсөө л болохоо байж” гэж бодоод эхэлдэг. Гэтэл болж бүтэж байгаа зүйл ч олон байна шүү дээ.

Тэр бол тухайн хүний харааны өнцгөөс л шалтгаална. Хүн болно бүтнэ гээд зөв газраа очоод, зөв хүмүүстэйгээ харьцаад байвал болоод л байна, үгүй бол бас хэцүү ш дээ.

Нэгэнт IT-ийн чиглэлийн хүнтэй уулзаж байгаа болохоор favorite вебсайтуудынх нь талаар асууя.

Монгол вебсайт гэвэл Gogo.mn руу л орно доо, мэдээ үзнэ. Гадаад гэвэл, Techcrunch.com, Mashable.com байна. Тэгээд яахав Twitter.com, Facebook.com руу шагайна.

Баярлалаа. Бизнетворк.мн-д нэг жилийн ойн баярын мэнд хүргэе, мөн цаашдын ажилд чинь амжилт хүсье!



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.