Нүүр » №001, Багана, Үзэл бодол

Бид бол Нави

[1 February 2010 | Б.Жаргалан]

… Гурван цагийн туршид Пандора гаригаар аялсны эцэст гарч ирэхэд аль хэдийн шөнө дөл болсон байлаа. Бид хэд Пандорагийн талаар ярьсаар л… Саяхны нэгэн тав дахийн орой догдлон байж хэсэг найзуудаа цуглуулаад “Аватар”-ыг үзсэн минь энэ. Сэтгэгдлээ хуваалцах хүсэлдээ автан хэдэн шил шар айраг аваад (яаж зүгээр байхав) нэгнийдээ очсон юм.

Жеймс Камероны найруулсан бүтээл болгон кино урлагт дэвшил авчирсан гэдэг. “Терминатор”, “Титаник”, харин одоо бол “Аватар”. Цоо шинэ ертөнцийг – аварга том цэнхэр биет хүмүүсийг нь, үлгэрийн мэт морьдыг нь, уул усыг нь, өвс ногоог нь, хэл усыг нь, соёл заншлыг нь – оюун ухаандаа цогцлон, дэлгэцнээ амьдруулжээ. Над мэт нь бүхэл бүтэн ертөнц байтугай нэг муу булан тохойг ч төсөөлчихөж чадахгүй байхад шүү дээ. Агуу мөрөөдөл, гайхалтай уран сэтгэмж, ур чадвар, уйгагүй хөдөлмөрийн үр дүн ийм байдаг аж.

Пандорагийн ертөнцийг бий болгохын тулд цоо шинэ камер, цоо шинэ технологи бодож олж, Навичуудад амьдрал бэлэглэсэн Камерон болон түүний нөхдийг шүтэж амьдаръя. Тэр талаар ярьвал нэг бус нэлээд хэдэн хуудас шаардагдах нь мэдээж. Харин бидний хувьд тэр бүхэн нэг их сонин биш байлаа. Хамгийн гол нь сэдэв нь. Камерон “Аватар”-ыг Монголын түүхээс сэдэвлэн бүтээсэн гэлтэй. Бид бол Нави. Эрт дээр үеэс байгаль дэлхийтэйгээ нягт холбоотой амьдарч ирсэн, асар их байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай, бардам, хүчтэй хүмүүс. Ашиг хонжоо хайсан харийнхан хэдэн үеийн шүтлэгтэй уул ус, хээр талыг минь бузарлаж байхад бид юу ч хийж чадахгүй харж суугаа. Харин Навичууд тэмцсэн.

… Бидний яриа халж эхэллээ. Техникийн дэвшлийн сүр хүчээр зэвсэглэсэн шуналт этгээдүүд нум сум барьсан Навичуудын эсрэг дайтаж, тэднийг эрхшээлдээ оруулахыг завдана. Бид ч мөн адил өвөг дээдсийнхээ шүтээнийг умартаж, барууны шинжлэх ухаан, технологийг шүтэх болжээ. Гэхдээ юм бүхэн хоёр талтай. Нэгэн найзын маань хэлснээр, Монголын дундаж иргэний амьдралыг барууны дундаж иргэний амьдралтай харьцуулбал ямар дүр зураг харагдах бол? Бидэнд өнөөдөр дулаан оромж, халуун хоол, эрүүл мэнд юу юунаас илүү чухал байна. Тийм ч учраас барууны соёлыг дагавал эрхбиш бүгд хангалуун амьдрах болно хэмээн найдаж, харийнханд найр тавина.

Нөгөө талаас, бидэнд хамгаалах зүйл бишгүй байна. “Аватар”-ын гол баатар Жейк Салли аватар биеэрээ дамжуулан домогт баатар Торук Мактао болон дахин амилж, тархай бутархай Нави омгуудыг нэгтгэн тэмцэл өрнүүлнэ. Тэмүүжин хүү Чингис хаанд өргөмжлөгдөж, Их Монгол улсыг байгуулсан түүх дахин давтагдах мэт. Буу зэвсэг, эд хөрөнгөөс хавьгүй илүү үнэт зүйл тэдэнд бий. “Хүмүүс Навичуудад юу өгч чадах юм бэ – тэдэнд цэнхэр жийнс, шар айраг хэрэггүй шүү дээ”. Гэтэл бид худалдагдахад бэлэн… машин тэрэг, гутал хувцас, архи тамхины төлөө бүхнээ худалдахад бэлэн… дэндүү ичгэвтэр биш гэж үү?

… Бид үүр цайтал ярилцсан. Урлагийн талаар, шинжлэх ухааны талаар, шашны талаар, бид юу хийж чадах талаар… Мөрөөдөл байхад юу ч хийж болох талаар… Жеймс Камероны бүтээлээс улбаатай бидний яриа ийнхүү үргэлжлэн, нэгэн шөнө өглөөтэй золгосон юм. “Үргэлжлэл бий” гэдэгт итгэж байна.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.