Нүүр » №001, Зочин, Хоймор

Бадарчин АМАЙ: “Би маш азтай хүн!”

[1 February 2010 | Ес далан зургаа]

2003 онд “Би чамд хайртай” нэртэй анхны цомгоо гаргаж, Монголд электро хөгжмийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан Амай буюу Ж.Золбаярыг дижей, промоутер гэдгээр нь бид мэднэ. Харин энэ удаад “Ес далан зургаа” сэтгүүл дижей Амайг бус, аялагч Амайг онцлохыг хүсч байна. Тэрбээр дөрвөн жилийн өмнө дэлхийг тойрон аялах агуу том зорилго тавин аян замдаа гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд Амай Европыг тойрч, Африк тивийг хөндлөн гулд нь гатлан дэлхийн 60 гаруй улс оронд хөл тавьжээ.

Аяллынхаа тэмдэглэлийг www.amai.mn сайтаараа дамжуулан Монголчууддаа тогтмол хүргэдэг Амай эрт дээр үеэс гаралтай нүүдэлчдийн бадарчлах уламжлалыг интернэтийн эрин үед  ийнхүү сэргээж байгаа юм. Тухайн үеийн бадарчид нутаг нэгтнүүддээ алс холоос мэдээлэл тээж ирдэг байсан бол Амай “дэлхий ертөнцийг жирийн Монгол залууд ойлгомжтой хэлээр хүргэх” зорилго тээн бадарчилж яваа. Мянга мянган залуус түүний блогийг шимтэн уншиж, түүний хамт дэлхийг тойрч байгаа. Нэгэн үеийг бодвол бүх зүйл чөлөөтэй болж, бид хүссэн улс орон руугаа аялж, хайсан мэдээллээ олж авах боломжтой болсон хэдий ч, аливаа зүйлд шинэ соргогоор хандаж, бидний тэр бүр олж хардаггүй юмсыг бидэнд мэдрүүлэхийг зорьсон Амайд баярлалаа.

2005 оны 11-р сарын 4-ны өдөр эхэлсэн түүний аялал 2010 оны босгон дээр Болгар улсын София хотод үргэлжилж байна. Маргааш тэр хаана хүрч, ямар адал явдалтай учрахыг бид таашгүй. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэр юу бодож, юу мөрөөдөж явсныг өөрийнх нь үгээр уншигч Танд хүргэхийг зорьсон юм.

АЯЛЛЫНХАА ТАЛААР

Бадарчны гол зорилго […] бусад улс үндэстэн, тэр тусмаа хөгжилтэй орнуудын иргэдийн сэтгэлгээний онцлог нууцыг олж мэдэхэд оршино.

2009 оны 11-р сарын 14
Унгар улсын Сцегэд хот

Миний аялал бол жинхэнэ дайныг сурвалжлан иргэний дайнтай бүсээр дайран өнгөрөх, аюултай малари өвчнийг хоёр ч удаа тусах, автын осолд орж эмнэлэгт хүргэгдэх, дэлхийн хамгийн аюултай хотын хамгийн аюултай дүүрэгт амьдрах, виза гаргуулах гэж 8 сар хүлээх зэрэг наад захын бэрхшээлүүдийг даван туулах хүч Монголын жирийн залууд байгаа юм шүү гэдгийг бусдад нотолж, Монголын залууст өөртөө итгэх итгэлийг бий болгох, зорьсондоо тууштай хүрэх эр зоригийг сурталчлах ашгийн бус аялал юм.
2007 оны 12-р сарын 1
Ботсвана улсын Маун хот

Аяллынхаа эхэн үед аль болох олон барилга байшин, байгалийн зураг авч хожим хүмүүст үзүүлье гэж бодож байлаа, харин дөрвөн жил аялсны эцэст барилга байшин бол юу ч биш гэдгийг ойлголоо. Очсон улсынхаа иргэдтэй уулзах, залуустай нөхөрлөх замаар тухайн үндэстэн хэн бэ, ямар сэтгэлгээтэй вэ! гэдгийг мэдэж болно.

2009 оны 4-р сарын 6
Серб улс

Миний аяллын хэв маяг ерөнхийдөө адил болж, анх замд гарч байхдаа төсөөлж, бодож, мөрөөдөж байсан зүйлүүд маань хэвшил болж, таашаал өгөхөө больж эхэлж байх шиг байна. Байнгын визны бэрхшээлээс гадна санхүү, байрлах байр, хоол унд гээд өдөр бүр ямар нэг асуудлыг даван туулах гэж өөрийгөө хатуужуулж байхдаа сэтгэлийн таашаал гэдэг зүйлийг мартаж, миний мөрөөдөл яг юу байсан билээ хэмээх эргэцүүлэн бодох хэрэг гарлаа.

2009 оны 8-р сарын 11

–  Чамд яагаад туслах ёстой юм?

Хэн ч надад туслах үүрэггүй, миний хийж буй зүйл ашгийн бус, гэхдээ дэлхийг тойрохын тулд маш их тусламж хэрэгтэй, үзсэн харснаа бичихэд компьютерээс авахуулаад хөрөнгө мөнгө, интернэт хүртэл хэрэгтэй. Энэ бүхнийг би найз нөхөд, дэмжигчдийн тусламжгүйгээр хийж чадахгүй шүү дээ.

Өнөөдөр ганц тэмдэглэл бичих гэж мөнгө зарцуулж байна. Би өөрийнхөө тэмдэглэлийг оруулахын тулд өдөр шөнөгүй бичлэг оруулж, интернэтэд өдрийг өнгөрөөхдөө хүмүүст миний бичлэгээс ямарваа нэгэн зүйл үлдээсэй гэж найдаж байдаг юм.

Мөнгө бол миний аялалд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл. Учир нь миний энэ аяллыг санхүүгээр дэмжих ганц ч Монгол компани олдоогүй бөгөөд өнөөг хүртэл гурван жилийн хугацаанд гэр бүл, найз нөхдөөс гадна тавхан уншигч санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Тэр таван хүндээ баярлалаа. Өдөр бүр тэмдэглэл уншиж байгаа мянга мянган хүнээс шүү дээ. Энэ бол Монголчуудын байгаа байдал!

2008 оны 9 сарын 14
Испани улсын Канарын арал

Аян замд гарснаас хойш яг юу үзэж юу сурав, амьдрал гүн ухаан хэрхэн өөрчлөгдөв. Дөрвөн жил гэдэг хэр удаан эсвэл хэр хурдан бэ? гэх мэт олон асуултаар тархиа гашилгасаар байна. Энэ бүхний эцэст нэг л дүгнэлтэд хүрлээ! Би МАШ АЗТАЙ ХҮН!

– Яагаад?

– Яагаад гэвэл би амьдралын бодит ухааныг эрэлхийлж явахдаа баяр баясгалан гэж юу болох, гэр бүл хайр гэж юу болох, эх орон гэж юу вэ гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон. Гэтэл насан туршдаа энэ тухай бодохгүй явсаар амьдралаа бардаг хүмүүс байгаа шүү дээ.

2009 оны 11-р сарын 5

ЭХ ОРНЫХОО ТАЛААР

Би эх орныгоо “Төөрсөн Үндэстэнгэж төсөөлдөг. Олон жил гадны нөлөөнд байсан, хамгийн сүүлийн колончлогч нь эдийн засаг, газар нутаг, шашных бус оюун санааных байсан тул, түүх соёлоороо хамаагүй ахмад үндэстэн атлаа оршин тогтнох чухал гүн ухаанаа булшилсан юм.

Үндэсний бичгээ сольж, хуучны бүхнийг халж байгаан гээд, ард түмнээ өмнөх үеийн түүх судрыг уншиж чадахгүй болгосон. 700 гаруй сүм хийдэд Монголын хаадын, Монголын гадаад, дотоод бодлогын архивууд байсан байж таараа. Өнөөдөр бид өөрсдийнхөө түүхийг гадаад хүний бичсэн ном, киноноос олж мэдэж байна.

2008 оны 12 сарын 21
Морокко улсын Касабланка хот

Бид гадны орнуудын түүх соёл туршлагыг сайн судлах хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа олон мянган жилийн өв уламжлалтай, 800 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн сүүлийн нүүдлийн соёл иргэншлийг хэрхэн авч үлдэх тал дээр илүү нарийн ухаан зарах хэрэгтэй байна.

90-ээд оны ардчиллын дараа 70 жил гаруй үндэснийхээ ТӨВ гүн ухаан уламжлалаасаа салсан байсан Монгол улс хөлөө ололгүй өнөөг хүрсэн байна. Гадны олон шинжээч мэргэжилтнүүд ирж төрөл бүрийн зөвлөгөө өгөн өөрчлөлтийг хийх гэж оролдож байсан ч, өөр улсад болж байсан туршлага Монголд болно гэсэн үг биш гэдгийг ойлгож эхэлж байгаа болов уу. Төсөл, сургалт, семинар, хандив, зээл гээд бид тэрбум давсан өртэй болсноо саяхнаас анзаарч байх шиг.

2009 оны 7-р сарын 21

Хэзээ нэгэн цагт эх нутагтаа хүрэх юм бол өвдгөө шороодож байгаад Монголынхоо ариун газар шороог үнсэн гэж өдөр бүр мөрөөдөж байна. Өмнө ийм зүйл хийнэ гэж хотын тансаг барууны сэтгэлгээтэй залуугийн тархинд орохгүй байхсан, харин дэлхийн гайхамшгийн нууцыг эрж хайж явахдаа, бидэнд юу байгаагаа ойлгосон тул ийнхүү хэлж байгаа юм.

90-ээд оны цацраг гэрлийн дараа бид хэн гэдгээ мартлаа сохорсон гэж хэлж болно. Бид буюу хотынхон аль болох баруунжих, дуурайх талыг баримталж байгаа бол тэрхүү хөгжилтэй гээд байгаа ертөнц бидний соёлыг гайхан бишрээд байдаг. Үндэсний аялгуунд ямар ч хүртээлгүй, төстэй чанаргүй гадны хөгжмийг хуулж дэлгэрүүлж байсандаа би ичиж байна, гэхдээ хийсэн бүх алдааныхаа цаана үндэснийхээ хөгжмийг авч үлдэх нь зүйтэй гэсэн аавын сургаалын ачаар би төөрөөгүй юм.

Америк, Орос, Солонгос дууг Монгол хэлээр дуулсан юм шиг орчин үеийн урлаг дотор уугуул соёлд арай ойрхон ЗОХИОЛЫН дуучид маань нэлээд их дарамттай байдаг санагддаг. Ашиг орлого, мэдлэг боловсрол, орчин үеийн техник төхөөрөмжөөс хол тэд өөрийн сэтгэлийн аялгууг орчин үеийн шоу бизнесийн орчинд эгшиглүүлж, хөгжсөн гэх хотынхны дунд нэр муутай байдаг билээ. Харин тэднийг дэмжээд хөгжим дууны чанарыг илүү хөгжүүлвэл, дэлхийн түвшинд Монгол дуу гэсэн шинэ урсгал гаргахыг үгүйсгэхийн аргагүй билээ.

2009 оны 10-р сарын 4

Монголд ямар ч хуучны барилга байгууламж байхгүй учраас жуулчин ирэхгүй байна гэж ярьж байгаа хүмүүсийг хараад би ойлгодоггүй юм. Түүхийн дурсгалт барилга байшиндаа тулбал мэдээж Франц, Итали, Египет зэрэг улсуудыг онцгойд тооцож болно, бид тэдэн шиг болтол дахиад олон арван жил хэрэгтэй. Далайн амралт хөгжүүлсэн улсууд шиг болох боломж тийм амар биш. Тэгвэл бидэнд юу байна вэ? Бидэнд амьд түүх байна.

Бид жинхэнэ диваажинд амьдардаг гэдгээ мэддэг билүү? Монголын их говь, Алтайн уулс, хязгааргүй хавтгай хээр тал, элсэн манхан, ой мод, гол, нуур гээд бидэнд юу байгааг бид бодож үзсэн билүү? Бид заавал гадныхан шиг байхыг хичээдэг. Барууныхантай таарахаараа тэдний соёлыг гайхан биширдгээ нуудаггүй. Би бас та нар шиг соёлтой гэж харагдахыг боддог.

Харин бидний өөрсдийн соёл ямар “агуу” гэдгээ мэдэж байгаа хүн даанч цөөхөн байна. Бидэнд Пирамид, Еффел, Колизей байхгүй, бидэнд Канарын арал, Испанийн далайн эрэг байхгүй, гэхдээ бидэнд хязгааргүй эрх чөлөөт амьдрал, онгон байгаль, дэлхийн хамгийн сүүлийн амьд түүх –нүүдлийн соёл иргэншил байгаа билээ. Үүнийгээ бид сайн хөгжүүлж, хамгаалж, сурталчилж чадвал 3 сая орчим хүн амтай Монгол үндэстний хамгийн гол үнэт зүйл болох байгаль дэлхийгээ сүйрүүлж, устгалгүйгээр сайхан амьдарч болох байна.

Хүн төрөлхтөний нүдийг хужирлах, сэтгэлийг нь дэвтээн зөөлрүүлэх, алжаал ядаргааг нь тайлах ер бусын бололцоо бидэнд байна. Агуу их Чингисийн эх оронд ирэхийг хүсэхгүй хэн байх билээ. Аварга динозаврын өлгий нутагт ирэхийг хүсэхгүй хэн байх билээ. Монголын хөдөө нутгийн цэвэр ариун агаараар амьсгалахыг хэн үл хүсэх билээ. Бүртийх ч үүлгүй мөнх хөх тэнгэрийг, тов тодхон гялалзах одот ертөнцийг ширтэн харах ховор боломжийг хэн алдахыг хүсэх билээ.

2009 оны 4-р сарын 24
Серби улсын Белград хот

Африк тив Монголтой төстэй түүхийг туулсан нь харагдлаа. Өөрийнхөө уугуул хэлээрээ ярихыг соёлгүй гэж хүмүүст ойлгуулсан байна, Африкийн зарим улсад хар хүмүүст “соёлтой”, “соёлгүй гэдэг үнэмлэх өгдөг байж, тэгээд шөнөөр гэрт нь шалгалт хийгээд хэрвээ орон дээр биш газар унтаж байх юм бол, хоолоо сэрээгээр идэхгүй байх юм бол тэрхүү соёлтой гэдэг үнэмлэхийг нь соёлгүй гэх үнэмлэхээр сольдог байжээ. Аль нь соёлтой, аль нь соёлгүй гэдэг дүгнэлтийг хэн хийх эрх мэдэлтэй юм бэ?
2008 оны 9-р сарын 12
Испани улсын Канарын арал

Бид бүх тал дээр дэлхийгээс хоцорч байгааг аяллынхаа туршид илүү ойлгож байна. Зөвхөн өндөр байшингууд бариад тансаг том жийпүүд унахаар улс хөгжиж байна гэж боддог Монгол ойлголтыг дэлхийн гуравдагч ертөнцөд бас л харлаа. Бидний харж байгаа тэр сайхан бүхэн зөвхөн гаднах хальс, их ажлын үр дүн билээ. Түүнийгээ бидэнд санал болгож улмаар хөгжилтэй улсууд эдийн засгаа улам бүр хөгжүүлж байгаа юм. Өдрийн хоолны мөнгөгүй хэрнээ хүн шиг амьдарч үзье гээд машинд хамаг мөнгөө барсан хүмүүс Монголоор дүүрэн.

Бид маш их хөдөлмөрлөхгүй бол ядуу хэвээрээ байх болно. Байгалийн нөөцөөрөө эдийн засгаа хангаж байгаа олон улсуудын иргэд нь хоцрогдож, баялгаас хүртэж байгаа цөөхөн хэдэн хүн л баяжсан харагдаж байсан.

Гуравдагч ертөнц гэж хэлэхээргүй соёл уламжлалтай, байгалийн нөөц баялагтай, бие биенээ хайрлах хүндлэх тухай арай ч мартаагүй байгаа үндэстэн яг юун дээр алдаад байна аа? Хийе гэсэн зүйлээ эцэс хүртэл нь, төгс хийж эхлэх цаг болж байна уу? Ядуу гэж доромжлуулахаас залхаж, шар гозойхгүй байна уу?

2007 оны 12-р сарын 1
Ботсвана улсын Маун хот



Нэг сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.