Нүүр » №001, Авдар, Эрүүл мэнд

Аткинс бид хоёр буюу турахыг завдсан нь

[1 February 2010 | Kh.Uyanga]

Саяхан хувцасны шүүгээгээ янзлах санаатай хуучин хувцсаа гаргаж үзтэл арван жилд байхдаа өмсдөг байсан гангарааны минь ганц жийнс гараад ирдэг юм байж. Тухайн үед өдрийн бодол, шөнийн зүүд болон ээж аавыгаа шаналган байж авахуулж байсан санагдана. Анхны болзоо, анхны диско гээд л тэр өмд юу эсийг үзэж, би ч цайрч, цоортол нь өмсөж билээ. Дахиад ганц удаа гангарчих санаатай өнөөх өмдөндөө чихээд үзтэл өвдөг нь дээр минь гацчихдаг юм байна. Арван жил өнгөрсөн болохоор аргагүй дээ гэж бодсон ч, нэг хэсэгтээ толинд харах хүсэлгүй болж, хэдэн өдөр сэтгэлээр унав.

Жаал депрессдэж, маруужин идэж суусны эцэст өнөөх өмдөндөө багтах зорилго тавин үтэр түргэн турах төлөвлөгөө боловсруулж, хүн амьтныг шалгаалаа. Тэгтэл нэгэн найз маань Аткинс хэмээх диетын тусламжтайгаар 10 кг турснаа рекламдаж гарах нь тэр. Би ч амьхандаа түүнийг нь сонирхож, хэд хоног судалгаа хийлээ. Уншаад байх нь ээ, Монголын нөхцөлд их тохиромжтой дэглэм бололтой: гурил, будаа, чихэр жимс гэх мэт нүүрс усаар баялаг хүнснээс татгалзаж, мах ногоо голчлон хэрэглэх ёстой гэнэ. Ямар дан өвс ногоогоор хооллож чадах биш, махаа хүссэн хэмжээгээрээ идэж байвал болоод явчихдаг тул сэтгэл шулуудан дэлгүүр хэсэж, баахан ногоо цагаа цуглуулж аваад диетээ эхлүүллээ.

Эхний өдөр

Өглөө: Нэг аяга кофе, 2 шарсан өндөг, ногоон салат
Өдөр: Мөөгний зутан шөл, ногооны салат
Орой: Грек салат

Өглөө босоод өтгөн хар кофе чанаж, шинэ амьдралынхаа эхлэлийг тэмдэглэв. Зарим нэг диетыг бодвол Аткинс кофе хориглодоггүй нь над шиг засаршгүй донтны хувьд авралын од л гэсэн үг. Өдөрт 1-2 аяга кофе ууж болдог юм байна, гол нь хэтрүүлэхгүй байх. Кофеныхоо хажуугаар өндөг шарж, ногоон салатны хачир бэлдлээ. Санасныг бодвол талх нэг их үгүйлэгдсэнгүй.

Өдрийн цайгаараа гадуур гарч хооллов. Хоолны цэсийг шал өөр нүдээр харах шаардлагатай болж байх шиг, ядаж байхад ихэнх хоол төмс, будааны хачиртай байдгийг хэлэх үү. Аргаа барсандаа мөөгний зутан шөл, ногооны салат захиаллаа.

Орой гэртээ ирээд учиргүй идэвх зүтгэл гарган Грек салат хийж иддэг баатар болов. Өчигдөрхөн авсан салатны байцаа маань аль хэдийн үрчийж хорчийсон байсныг эс тооцвол болоод л явчихлаа. Яаж ч бодсон Монголын нөхцөлд жимс, ногоо асуудалтай юм байна. Жимс гэснээс, Аткинс диетын хамгийн хатуу үе болох индукци буюу дэглэмийн эхний хоёр долоо хоногт жимс огт хэрэглэж болдоггүй юм байна. Учир нь жимс, жимсгэнэ фруктоз агуулдаг тул дэглэмийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Угаасаа урд зүгийн баталгаагүй жимснээс Монгол мах нь хавьгүй дээр биз. Дэглэмийн эхний өдөр дажгүй шүү.

Хоёр дахь өдөр

Өглөө: Нэг аяга кофе, 2 шарсан өндөг
Өдөр: Цезарь салат
Орой: Байцаатай хуурга

Өглөө дахиад л өндөг шарж идлээ. Талх, нарийн боов хориотой тул өглөөний цайнд өндөгнөөс өөр сонголт олдохгүй шинжтэй дэг. Чанасан, шарснаас авахуулаад өндгийг ч янзан бүрээр нь идэх нь дээ. Өдөр гадуур хооллох гэтэл ганц Цезарь салат захиалахад 8,000 төгрөг болдог юм байна. Цагаан хоолтнууд ч шатдаг бололтой ухааны юм бодож, маргаашнаас ажлынхаа гуанзтай тулж ажиллахаар шийдэв.

Орой гэртээ ирээд байцаатай хуурга хийлээ. Хуургаа жангаар амтлаад сурчихсан болохоор сурсан зангаараа хоолондоо жан хийж орхисон боловч сүүлд сураг сонсох нь ээ, жангийн найрлагад чихэр ордог тул Аткинстэй харшилдаг болж таарав. Кетчуп ч мөн хориотой. Гэхдээ яахав, ганц халбага жан идлээ гээд учиргүй таргалчихгүй байх ухааны юм бодож, өөрийгөө тайвшрууллаа.

Гурав дахь өдөр

Өдөр: Зайдас, өргөст хэмх, улаан лоолийн салат
Орой: Шарсан мах

Хоёр хоног идэвхтэй дэглэмдсэн тул турж байгаа эсэхээ шалгах санаатай жингээ үзлээ. 500 гр хасагдчихжээ, ура! Урамшаад явчихлаа. Энэ янзаараа нэг сарын дотор 7-8 кг хаях шинжтэй шүү. Нэг л мэдэхэд өнөөх жийнсээрээ гангарчихсан явах өдөр нүдэнд харагдаж, хөөрсөндөө цай уулгүй гараад явчихлаа. Өдөр нь хүртэл хоол хоолойгоор давсангүй. Огурцы, помидорын салат, ганц зайдастай идсэн болоод ажил тарахыг хүлээв. Орой нь гэртээ ирээд мах шарж идлээ.

Хоолны дэглэм барихын тулд асар фантази сайтай байх хэрэгтэй юм байна. Манайхны гэр орондоо хийдэг нийтлэг хоол гэвэл будаатай хуурга, гоймонтой хуурга, ногоотой хуурга, гурилтай шөл, цуйван, г.м. буюу дандаа хэцүү нэртүүд. Ямар ч фантази байхгүй. Мах шараад, хажууд нь будаа тавьчихвал будаатай хуурга, гоймон хавсаргавал гоймонтой хуурга болчихно. Энэ ч бас гайгүй, махных нь хэлбэр үл ялиг өөрчлөгдөхөд л шал өөр хоолонд тооцогдохыг нь яана. Орой үдэш гэртээ ирээд залхуурсандаа мах шарж, будаа жигнээд болгочихдог байсан бол будаа бүрмөсөн жагсаалаас гарсан тохиолдолд яах вэ? Аткинст тохирох хоолны жор нэтээс хайж үзтэл зарим нэг ногоо цагааг нь идэж үзэх нь битгий хэл, сонсоочгүй байх юм. Яана даа, яана.

Дөрөв дэх өдөр

Өглөө: Нэг аяга кофе, ногоотой омлет
Өдөр: Байцааны салат, гурван зүсэм бяслаг
Орой: Тараг

Өглөө жингээ үзтэл өчигдрийн 500 гр буцаад нэмэгдчихсэн байдаг юм байна. Дургүй хүрээд асар том омлет шараад идчихлээ. Ажил дээрээ өглөөжин хоол бодож суув. Гурав хоносон биш чихэр шоколад үгүйлэгдээд, торт маруужин нүдэнд харагдаад хэцүүдэж эхэллээ. Хүссэнээрээ идээд байгаа юм шиг хирнээ нэг л биш ээ. Зарим амтыг огт мэдрэхгүй байгаа болохоор хоёр таваг ногоо идсэн ч, идсэн болохгүй юм. Хүн ер нь хоолноосоо олон янзын амтыг мэдрэх нь чухал байдаг юм байна, тэгэхгүй дан ганц байцаа идээд байвал удахгүй бүрмөсөн хоолноос гарах шинжтэй. Хоолны дэглэм барьдаг хүмүүс уйдсандаа юу ч идэхгүй явсаар байгаад тураад байдаг юм биш биз гэсэн сэжиг төрөв.

Үдийн цайгаараа амт муутай байцааны салат идчихсэн биш байдал улам бүр даамжирлаа. Арга ядсандаа ганц хоёр зүсэм бяслаг амандаа хийж, ходоодоо жаал баярлуулж аваад ажлаа хийхийн оронд орой ямар хоол хийх талаар баахан бодож суув. Хоолны дэглэм барина гэдэг чинь хэн хүний хийгээд байдаг ажил биш бололтой, өлссөн, өлсөөгүй хоол бодогдоод хэцүү юм. Хориотой бүхэн амттай байдаг болохоор ийм тийм юм идэж болохгүй гэхээр чухам тэрийг нь л идмээр санагдаад, сүүлдээ бүр ганц аяга будаа ч болов идчих юмсан гэж бодогдох боллоо. Гэхдээ нэгэнт эхэлчихсэн болохоор “ийм амархан бууж өгөөд байхдаа яадаг юм” гэсэн зөрүүд зан хөдөлж, оройдоо ганц аяга тараг уугаад унтлаа.

Тав дахь өдөр

Өглөө: 2 ш зайдас, салатны навч
Өдөр: Байцаатай хуурга
Орой: Тэжи калби

Өчигдөр дур мэдээд тараг уучихсандаа бантаад босмогцоо тараг ууж болох эсэхийг тодруулахаар Аткинсын вебсайтаар жаал хэсэв. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь найрлагадаа нүүрс ус харьцангуй их хэмжээгээр агуулдаг тул дэглэмийн 1-р үед сүү, тараг огт хэрэглэж болохгүй гэнэ. Харин масло болон цөцгийг зөвшөөрдөг юм байна. Энэ янзаараа кальцийн дутагдалд орох шинжтэй дэг.

Өглөөний цай бэлдэх санаатай хөргөгчөө онгойлготол бүтэн сайн өдөр авсан ногоонуудын маань ихэнх нь муудах тийшээ хандчихсан байв. Гэр орондоо хоол унд хийх зав муутай байдаг болохоор ихэвчлэн хөлдөөсөн, лаазалсан хүнс хэрэглээд сурчихсан биш ногоо цагааг нь арчилж чадахгүй муутгачих бололтой юм. Ядаж байхад өглөөний ганц найз өндөг дуусчихаж. Хоёр зайдас чанаад, арай гайгүй харагдсан салатны навчиндаа ороогоод идчихлээ. Хот догноос нэг их дутаад байх юм алга. Өдрийн хоол байцаатай хуурга, харин орой нь Солонгос хоолны газар оров. Явж явж Солонгос хоол Аткинст их ээлтэй болж таарлаа, Солонгос хүүхнүүд яагаад тийм гуалиг байдаг нь ойлгомжтой юм байна л даа. Гэртээ харих гэж байтал найзууд маань дууддаг юм байна. Архи дарс хориотой тул очихгүй байх шалтгаан бодож олохыг хичээсэн ч чадсангүй. Ядаж байхад манайхан нийлэхээрээ яадаг билээ, тэр ёсоороо дайлж шахаад хачин юм болов. Эцсийн бүлэгт баахан согтуу хүмүүсийн дунд бүтэн дөрвөн цаг ус ууж суулаа. Дэмий юм байна.

Зургаа дахь өдөр

Өглөө: Нэг аяга кофе, бяслаг, улаан лоолийн салат
Өдөр: Байцаатай хуурга
Орой: 3 ширхэг бууз

Өнөөдөр дахиад жингээ үзтэл бүхэл бүтэн нэг кг хаячихсан байлаа. Бас ч гэж хэд хоног зовсны эцэст үр дүн гарч байх шиг. Сыр, улаан лоольтой салатархуу юм хийж идээд гарлаа. Хоол бодогдох нь арай бага болж, дэглэмдээ дасаж эхлэв. Үе үе баавгайтай чихэр идмээр санагдахыг эс тооцвол тэр шүү дээ. Өдөр нь дахиад л байцаатай хуурга. Хоолны тал дээр миний фантази нэг иймэрхүү.

Орой нь эмээ өвөөгийндөө очтол буузаар дайлдаг юм байна. Яах ч аргагүй байдалд орж, хоёр ширхэг бууз идэж орхилоо. Гурав дахь буузныхаа махыг нь идээд, гурилыг нь үлдээх гэтэл эмээ маань загнасаар байгаад идүүлчихэв. Ямар эмээгээ гомдоолтой биш, тэгээд ч гурилгүй бууз муухай юм билээ.

Долоо дахь өдөр

Өглөө: Нэг аяга кофе, туна салат
Өдөр: Ногооны салат
Орой: Шарсан тахиа, салат

Жингээ үзэхэд яг өчигдрийн тоо гарч байх юм. Урьд нь нэг удаа хулхидуулж амжсан тул баярласан гэж жигтэйхэн. Амралтын өдөр гэр орноо цэвэрлэх замаар жаахан ч гэсэн биеийн тамираар хичээллэх гэж оролдов. Аткинсыг барьж байх үедээ аль болох их хөдөлж, болж өгвөл фитнест явахыг зөвлөдөг ч мань мэт нь шалаа угаахдаа л хөдөлнө үү гэхээс биш өдөржин ширээний ард сууж, орой нь ядарсан амьтан гэртээ ирдэг тул яалтай ч билээ.

Долоо хоногийн турш хоолны дэглэм барьсан болохоор ходоодоо жаахан ч гэсэн баярлуулахыг бодож, орой нь сүр дуулиантайгаар тахиа шарав. Нүүрс ус агуулсан хүнс хэрэглэхгүй л бол өөх тосны хэмжээ хамаагүй байдаг нь Аткинсын онцлог гэнэ. Майонез ч идсэн болно. Гэхдээ талх, төмс хориотой хойно майонезаар яах ч юм билээ. Ямар ч байсан шарсан тахиагаа юутай ээтэй нь идчихлээ, хальсыг нь хүртэл шүү.

Долоо хоногийн дараа

Бүтэн долоо хоног Аткинсын талаарх яриагаар найзуудаа залхаасан биш нэг найз маань надтай хамт Аткинсдахаар болов. Эрэгтэй хүн учиргүй хамтдаа диет баръя гэж хэлэхэд сонин санагдсан ч, тэр надаас илүү идэвхтэй диетчин болж таарлаа. Бид хоёр өдөржин шөнөжин юу идэж болох, юу идэж болохгүй талаар ярилцаж, ханиндаа хүнсний дэлгүүр хэсэж, хэсэгтээ л хөөрөв. Хэн нэгэнтэй хамт дэглэм баривал хамаагүй илүү үр дүнтэй байдаг юм байна. Тэгэхгүй бол ганцаараа хоол бодож, байсхийгээд л жингээ шалгаад байвал нэг их удалгүй солиорох шинжтэй. Эцсийн бүлэгт бүтэн сар Аткинсдсны хүчинд би гурван кг, манай найз таван кг турсан юм. Бүхэл бүтэн нэг сар гүрийж, хоолоо хассан гэж бодоход чамлалттай санагдаж байсан ч, зүгээр суусныг бодвол бас ч гэж том амжилт. Багынхаа жийнсэнд багтахын тулд дахиад гурав дөрвөн сар гүрийх хэрэгтэй байдаг. Даанч мань мэт шиг чихэр боовонд дуртай хүмүүс хагас жил шахуу ингэж явна гэдэг үлгэрийн далай юм билээ. Ямар сайндаа диет дууссаныг тэмдэглэж ганц зүсэм торт идээд ойрд баярлаагүйгээрээ баярлаж байх вэ. Бүтэн сар чихэр жимс огт идээгүй болохоор амтыг нь эд эс бүхнээрээ мэдэрч, бялуурах нь холгүй юм болсон. Гэхдээ ямар гоё байсан гэж бодноо.

Хуучин жийнсэндээ таарах зорилго минь хараахан биелээгүй ч, ирэх зун түүгээрээ гангарах төлөвлөгөөтэй үзэж тарч байна. Хоол сойх нь миний хувьд тийм ч хялбар зүйл биш болж таарсан тул гэрийнхээ ойролцоох фитнест бүртгүүлчихсэн байгаа. Гүйж харайх мастер төлөвлөгөө маань хэрхэн яаж өрнөхийг дараагийн дугаараас уншаарай.

АТКИНС ДЭГЛЭМИЙН ТУХАЙ

“Аткинс эмчийн хоолны хувьсгал” (1972 он), “Аткинс эмчийн шинэ хоолны хувьсгал” (1992 он) хэмээх хоёр ном хэвлэгдсэн даруйдаа шуугиан дэгдэж, жинхэнэ хувьсгал эхлүүлж чадсан юм. Хүссэнээрээ идэж, зовохгүйгээр турах нууц гагцхүү нүүрс усаар баялаг хоол хүнснээс татгалзахад оршино хэмээн зарлан тунхагласан эдгээр номнууд дэлхий даяар 17 сая хувь борлогдсон гэдэг. Энэхүү чухал нууцын эзэн Роберт Аткинсынхаар бол, гурил, будаа, төмс, сахар зэрэг нүүрс усаар баялаг хоол хүнс нь гуалиг сайхан явахын үндсэн “дайсан” буюу тэдгээрээс татгалзаж чадвал өөх тос идсэн ч турсаар байх ажээ. Тэрбээр ийнхүү турахын хүслэн болсон сая сая хүмүүст итгэл найдварыг бэлэглэж, жин хасахын тулд заавал хоолоо хасч, өлсгөлөн шахуу явах хэрэгтэй гэсэн ойлголтыг эвдэж чадсан юм. Нэгэн үед Холливудын оддоос авахуулаад жирийн айлын авгай нар, пивоны гүзээнээсээ ангижрахыг хүссэн эрчүүд хүртэл Аткинсдаж, гуалиг болсноо гайхацгааж байсан билээ.

Тэгвэл энэхүү гайхалтай дэглэм нь чухам яагаад ингэтлээ алдаршив? Ердийн нөхцөлд хүний бие нүүрс уснаас энерги ялгаруулан зарцуулдаг бөгөөд нүүрс усаар гачигдсан тохиолдолд хуримтлуулсан өөхөө задалж эхэлдэг байна \уг процессыг кетосис гэж нэрлэдэг\. Өөрөөр хэлбэл, хүний биеийн бодисын солилцоонд өөрчлөлт орж, өөх задрах процесс явагдсанаар жин хасаж эхэлдэг юм байна. Гэхдээ эрдэмтэд Аткинсын онолыг тэр бүр сайшаадаггүй. Учир нь Аткинсын тусламжтайгаар богино хугацаанд турах боломжтой ч, бөөрний дутагдалд орох зэрэг сөрөг үр дагавар гарах магадлалтай байдаг гэнэ. Гэсэн хэдий ч, гуалиг болох хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүс Аткинсыг дэлхий даяар алдаршуулсан бөгөөд 1990-ээд онд Америкт ид моодонд ороход нь гоймонгийн борлуулалт хүртэл үлэмж буурсан гэдэг.

Аткинсын дэглэм 4 үе шаттай бөгөөд индукци буюу хоёр долоо хоног үргэлжлэх эхний үед зөвхөн 20 грамм нүүрс ус хэрэглэхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн мах, өндөг, бяслаг зэргийн хажуугаар зөвхөн ногоон ногоо л идэх боломжтой. Үе шат ахих тусам нүүрс усныхаа хэмжээг үл ялиг нэмэгдүүлж, улмаар өөрийн зохистой хэмжээндээ хүрэх ёстой бөгөөд түүнийгээ насан туршдаа барих шаардлагатай гэнэ. Энэхүү зохистой хэмжээ нь хүний биеийн бүтцээс шалтгаалан дунджаар 60-90 грамм байх буюу ердийн үед хүмүүс хоногт 260 грамм нүүрс ус хэрэглэдэг ажээ.

Аткинс диетын албан ёсны вебсайт: www.atkins.com

ЗАРИМ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД АГУУЛАГДДАГ НҮҮРС УСНЫ ХЭМЖЭЭ

Бүтээгдэхүүн

Хэмжээ

Нүүрс усны агуулга \гр\

Калори

1

Үхрийн мах

170 гр

0

550

2

Хонины мах

170 гр

0

440

3

Чанасан өндөг

1 ширхэг

0.6

78

4

Байцаа \ногоон, түүхий\

½ аяга

1.9

9

5

Салатны навч

1 навч

0.4

2

6

Амтат чинжүү

½ аяга

3.2

14

7

Улаан лооль

1 ширхэг

5.7

26

8

Төмсний нухаш

½ аяга

17.5

111

9

Алим

1 ширхэг

21

81

10

Гадил жимс \банана\

1 ширхэг

26.7

105

11

Цагаан талх

1 зүсэм

12.4

67

12

Спагетти гоймон

1 аяга

39.7

197

13

Цагаан будаа

1 аяга

53.2

242

14

Сүү

1 стакан

11.4

150

15

Гурил \цагаан\

¼ аяга

23.9

113.8

16

Кока-кола

1 лааз

38.5

152

17

Шоколадтай зайрмаг

½ аяга

18.6

143



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.