Нүүр » №001, Авдар, Орон гэр

Амттай амьдралын нууц, №001

[2 February 2010 | B.Mandaa]

Дөлгөөн манай ангийн хамгийн ганган, хамгийн стильтэй охидын нэг байсан юм. Аливаа зүйлийн донжийг тааруулдаг, нарийн мэдрэмжтэй. Арван жилийн хүүхдүүд аль болох бусдаас ялгарахыг хүсдэг шүү дээ. Дөлгөөн тэр тал дээр хэнийг ч дагуулдаггүй байлаа. Тэр л хамгийн содон шийдлийг олж, хамгийн этгээд дүр төрхөд хувирдаг байв.

Тэр маань хэдийн гэр бүлтэй болж, сайн нөхөр, өхөөрдөм хөөрхөн охины хамт жаргалтай гэгч нь амьдарч байгаа. Нөхөр Мандахбаяр нь Дөөгийгөөс дутахааргүй мэдрэмжтэй, гарын дүйтэй, жинхэнэ Монгол залуу. Хамтдаа бизнес эрхэлж, олон хүний өмнө хариуцлага хүлээн, цаг наргүй ажиллахын сацуу гэр бүл, орон гэртээ анхаарал тавина гэдэг хүн болгоны бардаг даваа биш. Гэтэл хоёр найз маань ийнхүү ажил, амьдралаа хослуулан ар гэртээ цаг зав зарцуулж чаддаг нь бахархууштай.

Тэр хоёрын сонирхол, зан араншин гэрийнх нь дизайнд тусгалаа олсон мэт. Дөөгий маань багаасаа л хар цагаан өнгөний хослолд дуртай байсан, тиймдээ ч унтлагын өрөөгөө тэр чигт нь хар цагаанаар шийдэж, барокко стилийн хээ хуар сонгожээ. Харин Мандах цахилгаан хэрэгслүүдээ ганц ч утас ил гаргалгүй холбож, DVD-нүүдээ ярайтал нь өрчихсөн… Дөрвөн настай Энхлүүний өрөө бол охин болгоны багын мөрөөдөл. Яв ягаан өрөөнд нь яваад ороход үлгэрийн мэт ертөнц угтана: түмэн янзын Барби, Синдерелла, цайз цамхаг. Тэр дунд нь Дөөгийгийн багадаа тоглодог байсан төгөлдөр хуур даруухан гэгч нь зогсох аж.

Дизайны хувьд, зочны болон унтлагын өрөөнийхөө голд гипсэн хагас хана барьсан нь оновчтой шийдэл болжээ. Том өрөөний хана хооллох хэсгийг буйдантай хэсгээс тусгаарласан бол унтлагын өрөөний хана нэг талд нь ТВ, нөгөө талд нь толь тавих боломжийг бүрдүүлжээ. Илүү дутуу хана туурга өрөөг жижиг харагдуулдаг гэсэн түгээмэл ойлголтыг эвдэж, өрөөнийхөө зохион байгуулалтыг амьдралынхаа хэв маягт тохируулан шийдсэн гэлтэй. Эднийх ханы чулуун чимэглэл, плита, обойгоос авахуулаад чимхлүүр хийгээд чамин, дахин давтагдашгүй деталь ихтэй. Бэлэн материал, гял цал тавилгаар нүүр тахлахын оронд деталь бүрийг анхаарч, сэтгэлээ шингээн байж нэгэн цогц орчныг бүрдүүлжээ.



4 сэтгэгдэлтэй »

Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.