Нүүр » №001, Багана, Технологи, Тооно, Үзэл бодол

Веб 2.0: Олон нийтийн хүч

[17 January 2010 | Б.Жаргалан]

Нэг.

Өнөөдөр Монгол Улс интернэтэд гарцтай болсны 14 жилийн ой тохиож байна. Нэг л мэдэхэд 14 жил өнгөрч, интернэт гээч буянтай газар бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Жишээ нь, Google.com гэв гэнэт алга болчихвол би бараг яаж амьдрахаа мэдэхээ байна. Ямар нэг асуудал гарвал хамгийн түрүүнд “Google ахдаа” ханддаг болохоор аргагүй шүү дээ. Интернэттэй болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Урьд нь хэрэгцээтэй гэх мэдээллийг идэвхтэй нь аргагүй цээжилдэг байсан бол харин одоо “Хэрэг гарвал Google-дья” гээд нүдээ аниад өнгөрдөг болж. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлнө гэж байх уу?

Хоёр.

Дээхэн үед хэсэг бүлэг нөхдүүдтэй Wikipedia-гийн талаар баахан маргаж билээ. Агуу АйТи-чин найзууд маань “Вики бол хувьсгал, Web 2.0 бол ирээдүй” гэх маягаар намайг сэнхрүүлж гарав. Тэгэхэд би учиргүй Бриттаникаг өмөөрч билээ. Хэдийгээр Википедиа Google-ийн хайлтад хамгийн дээгүүр гарч ирдэг ч, мэдээлэл нь баталгаатай бус байх магадлал өндөртэй, тэгээд ч саваагүй хүмүүсийн халдлагад өртөх шанстай гэж яриад, асар хуучинсаг үзэлтэйгээрээ дуудуулсан юмдаг.

Вики ирээдүй мөн үү? Мань мэтийг Бриттаникатайгаа зууралдаж байх зуур вики ертөнц минутаар биш секундээр тэлж байгаа. Викигийн зарчим бол маш энгийн: нэг нөхөр ямар нэгэн сэдвийн талаар мэдэх зүйлээ бичнэ, хоёр дахь нь өөрийнхөө мэдэхийг бичнэ, гурав дахь нь засна, дөрөв дэх нь найруулна, тав дахь нь дэмийрнэ, зургаа дахь нь дахиад бичнэ… жинхэнэ crowd power буюу олон нийтийн хүч. Бага байхдаа тураалд орсон Сомалийн хүүхдүүдийг зурагтаар хараад “Дэлхийн хүн бүр 10, 10 төгрөг хандивлавал асар их мөнгө цугларна даа, яагаад хүмүүс тэгдэггүй юм бол” гэж боддог байж билээ. Яг энэ маягаар вики болон Веб 2.0 сайтууд мэдээллийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Мөн гамшигт нэрвэгдсэн хүмүүст мөнгө цуглуулах арга замыг нээж өгч байна. Сая л гэхэд Хаитид газар хөдлөхөд Фэйсбуук, Твиттер гэх зэрэг сайтуудын хэрэглэгчид санаачлагыг гартаа авч, олон арван сая ам.долларын хандив босгожээ.

Гурав.

Хоёр жилийн өмнө Төв шуудангийн замын урд талын зарлалын самбар дээр нэгэн блог порталын томоос том реклам нэлээд хэд хоносон юм. Сонин л санагдаж байлаа. Саяхан л блог гээч нь дийлэнх хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байсан бол одоо түүнийг төв зам дээр рекламддаг болсон гэж бодоход хөгжил асар хурдацтай явагдаж байгаа юм. Дээрх реклам дээр тухайн сайтыг ”иргэний сэтгүүл зүйг дэмжигч веб сайт” гэж байсан шиг санагдаж байна. Түүнийг хараад бодлоо л доо. Нэг хэсэг манайд Оллоо.мн, Сонин.мн нараас өөр олигтой мэдээлэл түгээгч сайт ер байгаагүй шүү дээ. Өнөөдөр Монгол вебсайтын тоо олширсон боловч бүгд Оллоогийн зарчмаар сонин хэвлэлд нийтлэгдсэн ихэнхдээ хов живын шинж чанартай зүйлсийг бие биенээсээ өрсөн онлайн тавьдаг. Тэдгээр сайтууд шар хэвлэлийг копиддог болохоос биш бие даасан мэдээлэл боловсруулдаггүй. Тэгэхээр онлайн ч бай, оффлайн ч бай, бидний авч буй мэдээлэл ямар нэгэн шүүлтүүрээр орсон, хэн нэгний ашиг сонирхолд нийцсэн, захиалгат зүйл болж таарч байна. Өөрөөр хэлбэл, интернэтийн ид шид төдийлөн гарахгүй байна гэсэн үг. Харин блогууд үүнийг өөрчилж магадгүй юм.

Нэгэнт порталууд маань өч төчнөөн сурвалжлагч ажилд аваад, минут тутам мэдээллээ шинэчлээд байх санхүүгийн боломжгүй учраас “иргэний сэтгүүл зүй” гээч зүйлийг дэмжих, сайн дурын блогчдын мэдээгээр сайтаа баяжуулах сонирхолтой байх нь ойлгомжтой. Иймд блогчид олширсноор бидний хүлээн авч буй мэдээллийн чанар сайжирах магадлалтай. Үүнийг л Веб 2.0 гээд байгаа юм болов уу.

Дөрөв.

Веб 2.0-ын хэрэглэгчид ухамсартай, хариуцлага хүлээх чадвартай, ёс зүйн хэм хэмжүүртэй байх ёстой. Эс тэгвээс интернэтийн орчин маань булингартана. Монголын портал сайтуудын мэдээнд хүмүүс ямар сэтгэгдэл үлдээдэг билээ дээ? Хариуцлагагүй сэтгүүлчийн түүхий нийтлэл дээр хариуцлагагүй иргэдийн бухимдал нэмэгдэж, нийгмийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг. Иймд дор бүрнээ хариуцлагатай байя, үр өгөөжтэй, хүнд хэрэгтэй зүйл бичиж байя, бусдыгаа хянаж байя. Учир нь мэдээллийн орчны маань ариун цэвэр та биднээс шалтгаална.



Санал сэтгэгдэл

"Ес далан зургаа" сэтгүүлийн уншигчид: эелдэг, боловсон, мэдлэгтэй.